Хувийн хэвшлийн халаас руу төр засаг гараа дүрдэг муу зантай шүү
Манай нийгмийн суурь гажиг даа. Бүх салбар нь “дайсан ба манай тал” гэсэн “лагерьт” хуваагддаг. Эдийн засгийн салбар төрийн өмч, хувийн өмчөөс бүрдэх хэдий ч, төрийн өмчит үйлдвэр, компаниуд л эдийн засгийг чирдэг гэх. Тэгээд цаашаа нэг талаа барьж өгнө дөө. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын бүх хохирлыг Засгийн газар хариуцна гэж байна. Нэг талдаа үүргээ биелүүлж байгаа юм. Үүнд ямар ч энэрэнгүй юм байхгүй. Буянтай шийдвэр гаргасан юм шиг царайлж болохгүй. Үнэндээ өөр өнцгөөс харвал буруу үйл ажиллагаагаа мартуулах гэсэн тархи угаалт юм.
Засгийн газар үнэхээр иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилласаар байсан юм бол өмнө нь юу хийж байсан юм бэ. Унтаж байсан хэрэг үү? Аюулт ослууд ар араасаа гарсаар байна. Энэ бүхний гарах нөхцлийг хааж, бүх зүйлдээ стандарт тогтоож, стандартаа мөрдүүлж байх ёстой биш үү.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Шатсан автомашины хохирлын асуудлыг хэлэлцсэн. Ер нь буруутай этгээдээр төлүүлбэл “Дашваанжил” ХХК-ийн эзэмшилд байгаа автомашин хөдөлгөөнд оролцох явцдаа эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг дээр хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа буруутай этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно.
Энэ автомашин НИТХ-ын тогтоолоор баталсан дүрэм журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг асуудал эхний байдлаар тавигдсан." гэсэн.
Эндээс мөнөөх л хувийн хэвшлээ ад үзэж, бүх бурууг тохож, дааж давшгүй торгууль төлбөрт унагаж ирсэн “муу зан” цухалзаж байна Хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Энэ хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж байгаа. Төр Засгийн төлөөлөл болсон хүн ослын дүгнэлт гараагүй, мөрдөн байцаалт, шүүх үйл ажиллагаа болоогүй, буруутан тогтоогдоогүй байхад “өөрийнхөө мэдрэмжээр” буруутан олов уу? Арай үгүй байх. Ер нь тэгээд нийгмээрээ бид ийм болчихсон доо. Хүн болгон л сошиал дээр буруутан гаргаад ирчихсэн “шүүж” байна.
Харин "Дашваанжил" ХХК-ий байр суурь нуруутай юм уу даа. Тогтоосон маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар, заасан цагт хийн түлшийг тээвэрлээд явж байсан. Авто цистерн нь 2024 оны нэгдүгээр сард авсан шинэ техник гэх мэтээр тайлбарлалаа. Би буруугүй, тэр буруутай гэж хашгирсангүй.
“Хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж байна.” гэсэн. Харин төрийн зүгээс НИТХ-ынхаа нэг тогтоолыг гаргаж ирээ л ягштал “мөрдүүлэх” нь дээ. Тэр нь тэгээд хэзээ гарсан, хэний гарын үсэгтэй, яасан ийсэн тогтоол ч юм билээ, бүү мэд.
Т.Санаа