Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

МХЕГ-ыг дахин байгуулъя!

МХЕГ-ыг дахин байгуулъя!

Хэдхэн хоногийн өмнө олныг цочирдуулсан эмгэнэлт үйл явдал болж, онцгойгийн гурван алба хаагч амь насаа алдлаа. Мөн олон олон иргэд эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодоороо хохирлоо. Тун чиг харамсмаар бас халагламаар. Эл үйл явдал манай хотод стандарт гэгч зүйл үгүйг нотлон харуулав. Зуны үер ч мөн тийн сургамж өгсөн. Гэхдээ бид тэрүүхэн үед нь сенсацилаад л мартчихсаныхаа горыг сая томоор амслаа.

Одоо хүн бүр стандарт ярьж, ниргэсэн хойно нь хашхирав гэгч юм болж байх. Уг нь аль эртнээс л ярих, шахах шаардах, өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй байсан юм. Гэвч бид тэгээгүй. Бүр шахаж шаарддаг, хянадаг, стандарт мөрдүүлдэг байгууллагыг нь татан буулгачихсан. Уг нь МХЕГ гэх байгууллага байхад нөхцөл байдал арай л өөр байсан сан. Байцаагчид нь гадуур явдаг, гүйдэг, орчинд нь очиж шалгадаг, мөрдүүлдэг, шахдаг, шаарддаг, зандардаг, залхаадаг байв. Тэрнийх нь хүчинд л нийслэлд тодорхой стандартууд мөрдөгдөж, иргэд хариуцлагаа ухамсарлаж байлаа. Угаас Монголчуудын зан тийм. Заавал захиргаадуулж байж л ухаардаг гэмтэй. Одоо дүгнэхнээ гагцхүү тийн үйлийг “төгс” хийдэг газар нь МХЕГ л байсан юм шиг.

Саяны осолд хүртэл стандарт яригдах нь гарцаагүй. “Дашваанжил” ХХК-ийн машин зөвшөөрөлгүй бүр газ тээвэрлэх стандартад нийцээгүй байсан гэх мэдээллүүд яваад эхэлсэн. Олон улсын газ тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүдийг судлахнээ хэрийн “шүргэлцээнд” торохооргүйгээр л тоноглогдсон “амьтад” байх юм билээ. Гэтэл манайд яав, юу болов. Энэ хотод стандартыг хэн мөрдүүлж, хянаж, тэр мэт тээврийн хэрэгслүүдийн зөвшөөрөлтэй үгүйг хэн нягталж байна вэ?

Дан ганц саяны хэргээр ч зогсохгүй өөр олон асуудал байна. Наад зах нь гэхэд л нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ресторан, цайны газруудын хоолны чанарын асуудлыг дурдаж болно. Юуны махаар хийж байгаа нь ч мэдэгдэхгүй. Тогтсон стандарт, журам дүрэм ч гэж үгүй. Хоолны хордлогод өртөж, хохирч байгаа иргэд тоймгүй байна.

Түүнчлэн гоо сайхны эмнэлгүүд бүр гаарлаа. Цахимаар дүүрэн л “сайхан, сайхан” сурталчилгаа хийсэн газрууд. Тэгж ч гоё болгоно, гайхалтай болгоно, томруулна, жижгэрүүлнэ, чанар амлана гэсэн эмнэлгүүд, зарууд. Тийн зараар очоод хохирсон иргэд захаасаа хэвлэлд хандаад, зарга хийгээд яваад байгааг олон нийт бишгүй л харж байгаа.

Ядаж л энэ мэтийг цэгцэлдэг газар, хариуцдаг алба хэрэгтэй байна, гарцаагүй. Уг нь МХЕГ-ын чиг үүргийг харьяа яаманд нь шилжүүлсэн ч үр дүн алга, өнөөх хүмүүс нь яамны бичиг цаасны ажилд нухлагдахаас өөрийг хийж дөнгөхөө байсан.

Тиймээс МХЕГ-ыг дахин байгуулж, аль ч талбарт стандартыг мөрдүүлэх тал дээр холбогдох хүмүүс нь анхаарах хэрэгтэй. Тийн шаардлага байгааг ч цаг үе нь нотлоод байна. Цаг үеийнхээ шаардлагыг сөрж болохгүй. Хэрэв тэгвээс түүний гор нь өнөөдрийнх шиг дахин томоор ирэх нигууртай...  

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)