Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт төсвийн хуулийн дагуу зөв менежмент хийвэл, дөрвөн их наяд төгрөг босгож, метро барих боломжтой
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал, түгжрэлтэй холбоотой асуудлаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ.
Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарч байгаа аж. Үхрийн ферм байгуулахаар зорьсон ч бүтэлгүйтэж, үхэрнүүдээ зарсан байна. Улмаар эхнэр, охин хоёрынхоо тусламжтайгаар фермээ иогийн кемп болгож, одоо түүнийхээ “хаминдаагаар” ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр “Түгжрэлийг шийдэхийн тулд Энхтайвны өргөн чөлөөний газар доогуур метро барих, хотын дундуур тавьсан төмөр замыг хос болгох асуудлыг яаралтай сэргээх ёстой. Хувийн хэвшилд хариуцуулбал 2-3 жилийн дотор хийчихнэ. Намайг хотын дарга болохоос өмнө метро барих урьдчилсан судалгааг Засгийн газрын хүсэлтээр Жайка байгууллага хийгээд ТЭЗҮ-ийн тайланг нь гаргачихсан байсан.
Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 420 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрхтэй боллоо. Зөв менежмент хийвэл дор хаяж дөрвөн их наяд төгрөг босгож, метро барих боломжтой. Үүнийг Ерөнхий сайд ч, Сангийн сайд ч ойлгохгүй юм. Хотын дарга бол бүр ч ухаарахгүй байна” гэжээ.
Мөн “Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ!” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.