“Шатсан машинуудын хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ. “Дашваанжил”-ын машин зөвшөөрөлгүй явж байсан”
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан нэгдүгээр сарын 24-ний өдөр болох байсан. Гэвч Засгийн газрын хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай БЗД-ийн 26-р хороонд болсон 60 тонн газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэн өнөөдөр /2024.01.25/-ны өдөр болж хойшилсон юм. Учир нь тус дэлбэрэлтийн үед гарсан хохирлын хэмжээг тодорхойлсны дараагаар шийдвэр гаргах учиртай хэмээсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсний дараа ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө. Тэрбээр “Стандарттай холбоотой тээвэрлэлтийн үеийн асуудлыг одоогоор хариулах боломжгүй байна. Судлаад та бүхэнд мэдээлье. УУХҮЯ түүний бүтцэд байгаа мэргэжлийн хяналтын байгууллага энэ стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Галд өртсөн “Эдү” апартментад суурьшиж байсан 63 айлын 198 оршин суугч байгаа. Эдгээрээс хэвийн амьдралын горимд шилжүүлэхэд НЗДТГ-аас шийднэ. Тэдгээрийг түр түрээсийн байранд шилжүүлэхэд 1.4 тэрбум төгрөгийг ЗГ-ийн нөөц хөрөнгөөр шийдвэрлэж байгаа. Орон байр олох асуудлыг НТГ-ууд хариуцаж, түрээслэгч иргэдтэй хамтран хариуцан тохиролцсоны үндсэн дээр үе шаттай явна.
Шатсан машинуудын хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Өөрөөр хэлбэл “Дашваанжил” компанийн хуулийн этгээдийн эзэмшилд байгаа авто машин хөдөлгөөнд орох явцдаа ийм эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг дээр хуулийнхан ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа тэр этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно. Учир нь тус автомашин НИТХ-аар тогтоолоор баталсан журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцож байсан эхний байдлын асуудал тавигдсан. Тиймд буруутай этгээдээр төлүүлнэ гэдэг асуудал сөхөгдсөн.
Техник тоног төхөөрөмжийг нэмэх, албан хаагчийн аюулгүй байдлын тоо чанар хувцас хэрэгслээр хангахад төсөв хөрөнгө оруулалтад их анхаардаг. Энэ жилийн төсөв 30 гаруй хувиар нэмэгдсэн ч бидний хэрэгцээг хангахгүй байна. Усанд ажилладаг аврагчдын хангамж 4/1 нь л хангагддаг" гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn