Хотын даргын доор “хорлон сүйтгэгчид” байгаа юм биш биз?
Хотын дарга Х.Нямбаатар хурдтай ажиллаж байна. Харамсалтай нь хурдтай шийдвэр нь дандаа буруу тийшээ хулжин одох юм. Ажилдаа хурдан ахиц гаргаж, сайн үр дүн үзүүлчихье гэх түүний зорилго нь энэ хотод эх толгойгүй юм шиг бужигнаан үүсгэчих юм.
Хотын тулгамдсан асуудал болох түгжрэл, утаа зэргийг аль болох хурдтай, нэг тийш болгочихоод, сонгуулийн өмнө ёстой нөгөө гар газар, хөл хөсөр гэдэг шиг сууж байвал юутай сайхан.
Гэвч Улаанбаатар бол олон асуудал дагуулсан том институци. Тэнд “хүн төрөлхтөнд” тохиолдох бүхий л асуудал бөөгнөрчихсөн байх нь бий.
Хот бол зүгээр нэг салбарын асуудал биш. Эцэстээ хотыг ийм болоход тодорхой “үүрэг гүйцэтгээд” оргон зайлсан Ж.Бадамжунайг албадан авчрахаас огт өөр зүйл.
Тэдний үлдээсэн бохирыг цэвэрлэх, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхэд тэвчээр, зохион байгуулалт, тооцоо судалгаа, бас цаг хугацаа их орно.
ХЗДХ-ийн сайд байсан Х.Нямбаатарыг Хотын дарга болгох нь Ерөнхий сайдын л санаа байсан. Намынхаа УЗ дээр асуудлыг шийдчихсэн. Шууд л сайдаасаа бууж, гишүүнийхээ бүрэн эрхийг цуцлаад хотын зархирагч болсон.
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг ч эв түнжин тааруухан гэж сонсогддог. ИТХ-аасаа шинэ даргатай болох хүсэлтэй төлөөлөгчид ч байсан байх. Бас хотын хуучин даргатайгаа хамтарч “сайхан” ажилладаг байсан орлогч, албан газрын дарга, зөвлөхүүд ч байгаа биз.
Хотод тулгарсан асуудлыг шийдвэрлэж, намынхаа нэр хүндийг өргөх гэж яарсан Х.Нямбаатарын хувьд өөрийнхөө багийг бүрдүүлэх, сонгож шалгаруулах хугацаа байгаагүй. Шууд л давс шиг шорвог шийдвэр гаргахаа мэдэгдсэн.
Хотын амьдрал бол хууль зүйн яам шиг биш учраас нийслэлийн өдөр тутмын ажил амьдралыг “мэдэхгүй” шахам даргаа доод албан тушаалтнууд нь улам шорвог, улам гашуун шийдвэр гаргахад хүргэж байж ч магадгүй гэж бодогдох боллоо.
Хот мэддэггүй хүмүүс цуглараад хотын асуудлыг шийдэх гэж холион бантан зуурч байгаа юм шиг энэ байдлаа Х.Нямбаатар дарга та яаралтай засах хэрэгтэй.
Цас мөс, давс хужир цацах, нийтийн тээврийн маршрутын өөрчлөлт гээд цэвэр зохион байгуулалтын асуудлаас асар их хор хохирол үүсч байна.
Хэчнээн хүн халтирч савж унаж гэмтлийн эмнэлэгт очив, амралтын өдрөө автобусны чиглэлээ “олох” осгож үхэх шахсан, төөрч будилсан, болзсон газраа очиж чадалгүй ажлаа алдсан хүмүүсийн бухимдал хэрээс хэтрэв.
Энэ бүхэн хохирол шүү. Энэ хохирлыг хэн төлж арилгах юм бэ. Нийтийн тээврийг хариуцдаг дарга даамлууд нь лав ил гарч ирэхгүй юм.
Тэд Хотын дарга Х.Нямбаатарынхаа ард нуугдаад уснаас хуурай гарна гэчихсэн байгаа биз. Ямар “нөхдүүд” танаар минь ийм хачин юм хийлгээд байна вэ?
Энэ байдал удаан үргэлжилбэл ирэх сонгуулиар найзтайгаа, намтайгаа хамт ялагдал хүлээж, мөнх яригдах онигооны эзэн болж үлдэнэ шүү, дарга минь.
Т.Санаа
Сануулга.мн