Хаврын морин уралдааныг “дэмжиж” хуульчлах төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүдийг бусдын захиалгаар, өөрсдийнхөө ашиг сонирхлыг илэрхийлсэн хууль санаачлан батлуулдаг гэсэн олон нийтийн хардлага сэрдлэг үе үе гардаг.
Нийтийн эрх ашиг гэхээс хэн нэгний, хэсэг бүлгийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьсан ийм зүйлийг хууль санаачлагсад гаргах ёсгүй.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдлээ. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор бол хурдан морины уралдаан зохиох хугацааг “чөлөөлөх” зорилготой юм байна.
Засгийн газрын шийдвэрээр морин уралдааныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн хориглосон.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нарын ярьснаар бол хавар цагт морь уяж сойх, уралдуулах үндэсний өв соёл бүрэн орхигдож, мартагдаж мэдэхээр болсон гэнэ.
Үндэсний бөх, морины соёл гэдэг монгол хүний цусанд шингэсэн бахархал гэдэг. Улсын баяраар бөх сонирхдоггүй хэн нэгэн ч гэсэн тавын даваанд “татагдана”, соёолонгийн түрүү барианы зурхайд орж ирэхэд монгол хүн бүр огшдог гэдгийг тэд жишээ татан хэлсэн.
Хууль санаачлагчид “Өвөл хаврын морин хуралдааныг зохион байгуулахгүй байх тухай хуультай атал тэс хуулийн хяналт сул байдлыг “ашиглан”, нууц далд хэлбэрээр зохион байгуулагдаж “ирсэн” өвөл, хаврын морин уралдаан нь унаач хүүхдүүдэд илүү их эрсдэл үүсгэж байгааг тооцон”, энэ байдлыг арилгахын тулд унаач хүүхүүдэд тавих хяналт, хариуцлагыг өндөр хэмжээнд хүргэж, зохион байгуулалтыг сайжруулан “хуульчилж” өгөх аж. Бас хурдан морины уралдааныг нэмэх хэмийн дулаантай өдөр зохион байгуулахаар төсөлд тусгасан юм байна.
Гэхдээ мань хоёр гишүүний санаачилсан хуулийг нөгөө талаас авч үзвэл, өвөл хаврын цагт морин уралдааныг дэмждэг хэсэг бүлэг хүмүүст “таалагдах” гэсэн хууль биш биз гэж хардахад хүрч байна.
Тэдний санаачилсан энэ хууль холбогдох журмын дагуу УИХ-ын байнгын хорогоор орж хэлэлцүүлэгдэх ёстой. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын харъяалалтай УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль аль ч байнгын хороон дээр навс унадаг” гэж хэлж байсан.
Тэгэхлээр АН-ын энэ хоёр гишүүний санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах нь эсэх нь одоогоор тодорхой биш байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ын бүлэгт хурдан морьтой уяач гишүүн ч цөөнгүй байгаа болохоор сэвхийтэл дэмжиж болох юм.
Т.Санаа
Sanuulga.mn