Энэ янзаараа бол тийм гэгээн цаг их хол байх шиг байна даа, хөөрхий!
Хөрөнгө оруулалт тухай хуулийг арагш нь шидчихлээ. Ч.Хүрэлбаатар бүх талаар зүтгээд барсангүй. Энэ улсын Засгийн газрын гишүүний хувиар, Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар, УИХ-ын гишүүний хувиар, үг хэлээрээ, үйлдэл төрхөөрөө үзээд үзээд барсангүй дээ.
Хэлж, хэлэлцэж, уурлан ундууцаж, бүх талаар яриад чадсангүй. Уг нь энэ хууль улс орны хөгжилд ус агаар шиг хэрэгтэй байгаа хууль. Монгол Улс хөрөнгө оруулалтаар хөгжинө. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтыг татан оруулж ирэх замаар л том том төслүүд хэрэгжинэ. Биежнэ.
УИХ-ын дарга хэлжээ. Засгийн газрын кабинетын зарчим алдагдаж, нэгдмэл бус буйгаас асуудал их төвөгтэй байна гэж.
Хөрөнгө оруулалтын хууль дээр гэхэд Засгийн газрын гишүүд ямархуу эвтэй бус, хөлөө жийлцсэн байдалтай байгааг бүгд л харлаа, үзлээ. Засгийн газар өөрөө өргөн бариад байхад л нэр бүхий сайдууд нь эсэргүүцээд ингээд татаад унагачхаж байна.
Үүгээрээ Монголын улс төрчид хөрөнгө оруулалт оруулахын эсрэг байгаа мессеж дэлхий дахинд өгч байна л даа. Энэ бол улсаа л хорлож байгаа явдал бус уу.
Ч.Хүрэлбаатар өмнө нь байсан, одоо ч хүчин төгөлдөр байгаа хуулийн "эзэмших, ашиглах" эрхээс “эзэмшинэ” гэдгийг хасаж, гадаадынхан зөвхөн газар ашиглах эрхтэй болгож өөрчилсөн гээд мянга тайлбарлаад тусыг эс олов.
М.Энхсайханы хэлээд байгаа үнэн л дээ. Хөрөнгө оруулалт бол өр үлдээдэггүй юм аа гээд хэлээд байгаа. Ингээд манай гайхамшигт улс төрчид Хөрөнгө оруулалтын хуулиа хойш нь шидсэн атлаа Эрдэнэс таван толгойн хишиг өгөх тухай уралдан ярих төлөвтэй.
Сонгууль ч дөхчхөж, ард түмэн рүү харж, өгнө, бэлэглэнэ, чухам таны төлөө, эх орныхоо төлөө гэсэн ямар амттай “өгцөө” байх билээ гэдэг дээр ёстой нэг нүд дүрлэгнэн, нүүр намжир талимаагаар ялдамдах шид рүү орох нь . Эрдэнэс таван толгойн жаахан ашгаасаа хүртээнэ л гээд байна. Өөрсдөө л өврөөсөө өгөх гэж байгаа юм шиг.
Хулгай, булхайг нь засаад ирэхээр яаж орлогожиж болдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд үзүүлсэн, энэ асуудал дээр. Гэтэл өнөө жаахан олсноо л ард түмэндээ өгнө дөө гэцгээн ханцуй шамлах манай улс төрчид ичмээр. Уг нь тэр мөнгөөрөө нэг үйлдвэр юм уу, цахилгаан станц барьсан бол улс орны хөгжилд бодит нэмэр болно доо.
Хөрөнгө оруулалт татаж, юу ч бүтээхгүй атлаа, хөрсөө хага ярж олсон жаахнаа цацахдаа даан ч нэг гар татахгүй.
Адаглаад Алтанширээд байгаа ашиглалтад орох нь жил жилээр ухран байгаа газрын тосны үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийгээсэй. Энэ өвөлжин Ж.Ганбаатарын түлш ирж яваа, ирнэ, хоёр өдрийн дараа гэх мэт үгийг бид сонсож ханав биш үү.
Сонгуулийн хууль дахь хууль бус сурталчилгаанд “Хишиг, хувь, хувьцаа өгөх” гэдэг заалт тодорхой байгаа. Иргэдийн өмч нь үнэн байх. Гэхдээ олсон жаахан юмаа сонгуулийн өмнө ингэж цацаад, юу юу ч үгүй дорой, арчаагүй байдлаа үргэлжлүүлсээр байх юм уу.
С.Баяр, Ц.Элбэгдорж нар тэртээ онд Эрдэнийн хувь, Эх орны хишиг гээд өчнөөн амлалт өгөөд, долоон сарын нэгэндээ хүрээд, өнөө амлалтаа ямархуу мундраатайгаар өгсөн болж, ард түмнээ, эх орныхоо хөгжлийг “бааллаа” даа. Энэ хангалттай биш байсан гэж үү.
Монголчууд минь ухаантайхан байгаасай. Энэ улс орноо улс орнуудынх шиг түвшинд аваачиж, авлига, хээл хахуул, утаа, адгийн популист улс төрчдөөс салж амрах сан даа.
Энэ янзаараа бол тийм гэгээн цаг их хол байх шиг байна даа, хөөрхий.
Б.ДОРНО
Эх сурвалж: Amlalt.mn