УИХ-ын дарга Г.Занданшатар экс Ерөнхийлөгчийг “Женко” гэж дуудав
УИХ-ыг нэг тийм амгалан тайван, хүний үгийг бүтэн сонсчихдог, хүлээцтэй, уужуу тайван хүнээр удирдуулах гэдэг нь Монгол төрийн уламжлал. Ер нь УИХ-ын даргын сэнтийд очсон л бол тийм байх ёстой болдог. Хэрүүлчээрээ “алдартай” Ц.Нямдорж хүртэл УИХ-ыг даргалж байхдаа тун ч намбалаг, чих зөөлөнтэй болчихсон байсан нь үүний жишээ юм.
Одоогийн спикер ч гэсэн энэ “шалгуурт” бүрнээ нийцсэн төлөв төвшин хүн гэж харагддаг. Харин олны анхаарлыг татаад байгаа Хөрөнгө оруулалтын хуулиас болж түүний тэвчээр барагдав уу гэлтэй “Ч.Хүрэлбаатар сайд, Женко хэмээх Баттулга та хоёр ард түмнийг битгий талцуул” гэмээн хоолой шахан хэлж бухимдлаа илэрхийлэв.
Гэхдээ энэ нь спикерийн цээжний хонжоо, олон нийтийн хардлагаас өөрийгөө хамгаалах мэх байсан ч байж мэднэ. Учир нь олон нийт, журмын нөхдийн зарим түүнийг нутаг нэгт, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “барьцаанд орсон” гэж хардах нь бий.
Экс Ерөнхийлөгчөөс ирүүлсэн, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулах шаардах бичгийн зорилгыг биелүүлэхийн тулд тухайн хуулийн төслийг энэ удаагийн парламентээр хэлэлцэх боломжгүй болголоо гэж хардана. Хардаж ч байгаа. Ийм хардлагыг “арилгах”-ын тулд УИХ-ын дарга тийнхүү даргын суудлаааа “Женко” хэмээн дуудсан байх гэж хэлэх хүмүүс байна.
“УИХ-ын даргын зөвлөл, бас иргэдээс ирсэн захидал, саналыг харгалзан хөрөнгө оруулалтын хуулийг чуулганаар хэлэлцүүлэлгүй хойшлууллаа” гэж Г.Занданшатар дарга хэлж байгаа ч иргэдийн хардлага, эргэлзээ амар арилахгүй бололтой. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д өгөв. Үндсэндээ Хөрөнгө оруулалтын хуулийг Баянхонгорын гурван хүн “гацааж” орхилоо.
УИХ-ын даргын хэлсэн “Женко хэмээх Баттулга” гэсэн үг тэдний “харилцан ойлголцсон” жүжиг биш биз. Хэрэв тийм бол А.Адъяасүрэн гишүүний Г.Занданшатар даргыг ҮХЦ-д өгч байгаа ч бас жүжгийн нэг хэсэг байх магадалтай.
Т.Санаа
Sanuulga.mn