Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ерөнхий сайдын эзгүй хойгуур танхимын зарим гишүүд нь Засгийн газрын эсрэг "ажилласнаа" зарлав

Ерөнхий сайдын эзгүй хойгуур танхимын зарим гишүүд нь Засгийн газрын эсрэг "ажилласнаа"  зарлав

Засгийн тэргүүн Л.Оюун- Эрдэнэ Давост чуулалцаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганд. Эдийн засгийн шүү. Харин энд, Монголд,  түүний эзгүйд Засгийн газрын танхимын зарим гишүүд нь эдийн засгаа хөгжүүлэх гол хөшүүрөг болсон хөрөнгө оруулалтын эсрэг ажиллаж байна уудаа гэмээр зүйл боллоо.

Учир юу хэмээвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимдаа урьж ажиллуулсан сайд нар нь хоёр гурваараа эвлэлдэн, танхимынхаа оруулсан хуулийг төслийг ухраасаныг омог төгөлдөр ярьж, гадаадын хөрөнгө оруулалтыг таягдан хаяж байгаагаа эх орныхоо төлөө хийсэн ажил хэмээн цээжээ дэлдэн, үнэнхүү сүр бадрангуйгаар цуурайтуулж, ядарсан эх оронд минь тус нэмэр болох  гадаадын хөрөнгө оруулалтыг “дэмжихгүй” гэдгээ, танхимын тэргүүнээсээ өөр “санаатай” байгаагаа зарлалаа.

Яах гэж ийм эх орондоо хайргүй “эх орончид”-ыг Ерөнхий сайд засагтаа авав, өнөөдүүл нь  сонгогчидод таалагдахын тулд хэзээ ч, хэдэн ч удаа засгийнхаа эсрэг ийм байдлаар “зогсож” мэдэх юм байна гэдгийг учир мэдэх хүмүүс хараад гайхаж халаглах.

Монгол улс 33 их наяд долларын өртэй байгаа, цахилгаан станц үгүйгээс эрчим хүчний хомсдол, эрсдэлд орох магадлал өндөр,  түлш шатахуунгүй хөхөө өвлөөр түгээгүүрт дугаарлаастай алингаа алдаж байхад, хөрөнгө оруулалт хэрэггүй гэж байгаа эх орончид харин өөрсдөө  Монголд хэрэггүй биз.

Хөрөнгө оруулалтын өдгөө хүчиин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас гадаадын иргэнд “газар эзэмшүүлдэг, ашиглуулдаг” эрх зүйн зохицуулалтаас “газар эзэмшүүлэх” гэдгийг нь хасч, “гадаадын иргэн газар ашигладаг” болгож байгаа   гэдгийг  Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлаж ядаад аргаа барж байна билээ.

Гэтэл ерөөс “гадаадынханд газар өгөх гэж байна, хөрөнгө оруулагч нэрээр хятадууд монголыг эзлэх нь” гэх итгэл үнэмшлийг нийгэм даяар төрүүлэх сошл давалгаа явж, үүнд нь экс Ерөнхийлөгч байсан хүн яаран сандран гарч ирж,  өөрөө уухайлан оролцож байгааг харахад л энэ хуулийг улам бүр дэмжих ёстой гэж ойлгомоор.

Монгол орны хөгжил зогсонги байдалд орж, нийгмээрээ ядуу зүдүү байх нь зарим хүмүүст “ашигтай байдаг“ юм болов уу гэж бодоход хүргэж байна. Тэд “ЭХ ОРОНЧ” дүр эсгэн, хиймэл хоосон “ДАЙСАН” бий болгож, тэндээс улс төр хийж, өөртөө нийгмийн оноо авч, улсын хөгжлийг хойш татахыг иргэд та бид ойлгохгүй явсаар байх юм бол ингээд нийтээрээ хөгжил дэвшил рүү тэмүүлэх биш уруу дорой байдал руу шааригдаад байхаас өөр яах вэ.

“Айлын аавыг эзгүйчлэх муухай” гэдэгчлэн Ерөнхий сайдаа эзгүй хойгуур танхимын сайдууд нь танхимынхаа эсрэг ажилласнаа,  хөрөнгө оруулалтын хуулийг дэмжээгүйгээ, хөгжлийг “чөдөрлөснөө” мөнөөх л эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн ажил гээж ам уралдан ярих.

 

Д. Дорно

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)