Цагаан сараас өмнө нэг иргэнд 110-120 мянган төгрөгийн ногдол ашиг өгнө
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараахаар ярьж байгаа. Ингэхдээ 2022, 2023 оны ногдол ашиг тараах бөгөөд 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө олгох юм байна.
Засгийн газар 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон учраас тухайн жилд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч ийнхүү сонгуулийн өмнө хоёр жилийн ногдол ашгийг иргэдэд тараахаар боллоо. 2022 онд тус компани 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа олгох УИХ-ын тогтоолыг өчигдөр баталснаар компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ. Тиймээс компанийн ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараана гэдгийг албаныхан хэлж байгаа. Тиймээс 2022 оны ашгаас иргэн бүрд 110-120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгохоор ажиллаж байна. Харин 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн. Харин 2023 оны ногдол ашиг ойролцоогоор 300 орчим мянган төгрөг байх бололтой.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийг иргэддээ эзэмшүүлнэ. УИХ-ын өчигдөр тогтоол баталж 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос хойш төрсөн иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгосон ч компанийн 25 орчим хувийг 3 сая гаруй сая иргэн эзэмших юм. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг төр, 25 орчим хувийг иргэд, 0.06 хувийг 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна. УИХ-ын баталсан тогтоолоор хувьцаагүй иргэдэд хувьцаа олгосон бөгөөд одоо 2022 оны ногдол ашгийг тараах боломж бүрдсэн.
Цаашдаа хүн ам өсөөд компанийн 34 хувийг иргэдэд 1072 ширхэг хувьцаа байдлаар олгож дуусахаар шинэ төрсөн иргэддээ 1072 хувьцаа олгох уу, үгүй юү гэдгийг шийдэж чадаагүй, өчигдрийн баталсан УИХ-ын тогтоолд ч энэ талаар тусгаагүй. Мөн 1072 ширхэг хувьцаагаа сургалтын төлбөртөө өгсөн болон буцаагаад төрд зарсан иргэддээ дахин хувьцаа олгох, буцааж зарах, эсэхийг ч шийдэж чадаагүй буюу тодорхой бус байгаа. Яамртаа ч эрх баригч нам сонгуулийн жил хоёр ч оны ногдол ашиг гэж нэг иргэнд 430 орчим мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь.
Эх сурвалж: IToim.mn