“Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх айлыг цуглуулж, ирэх 3-4 дүгээр сард байртай болгоно”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг нийслэлээс барьж өгнө. Цэвэр, бохир, ус дулаан татагдаад сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцэрчихсэн. Одоо тэнд байгаа айл өрхүүдийг түр 24 сар нүүлгэх ажил үлдсэн. Ингэхдээ, бид энэ хугацааны тохилог орон сууц түрээслээд амьдрах мөнгийг нь төлнө.
Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд нүүлгэн шилжүүлж барилга барихаас өөр ямар ч арга байхгүй. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг ойр байр, айл өрхүүдийг тохилог орон сууцанд түрээс төлөх мөнгийг нь төлөвлөж байгаа. Хэлчхээр айлууд үнэ ханшаа өсгөчих вий гэдэг айдастай байна. Нэг айлд нэг сая төгрөгөөс дээш төгрөг төсөвлөсөн. Ам бүлийн тооноос шалтгаалж тооцооллыг ихэсгэнэ. Бид гэр хороололд дорвитой алхам хийхгүй бол 21-р зуунд нүхэн жорлонтойгоо хэвээр үлдэх нь байна. Манай сөрөг хүчнийхэн гэр хорооллын айлуудын газрыг булаах гэж байна гэж яриад байгаа.
Булаах тухай асуудал огт биш. Тэдэнд 24 сар түр байх тохилог орон сууцанд амьдруулж, төлбөрийг нь нийслэлээс төлөх асуудал байгаа. Энэ хооронд тухайн байрлалд нь байшин бариад 60 хувь нь орон сууц, зогсоол, зам, 40 хувь нь ногоон байгууламж барина. 15 минутад алхаад очиж болдог төрийн үйлчилгээ, ажлын байр байхаар төлөвлөнө.
Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх хүмүүсийг энэ сард цуглуулж уулзаад бүгдэд нь нийслэл байр олгохоор шийдсэн. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа айлуудад энэ гурав болон дөрөвдүгээр сард ашиглалтад орох Нийслэлийн орон сууцны корпорацын өмчлөх эрхтэй байруудыг санал болгоно. Энэ хүмүүсийг 10 гаруй жил орох оронгүй, айлаас айл дамжуулсандаа уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах гэж байгаа” гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn