2023 онд дэлхий Монголоор АМЬСГАЛАВ
Өнгөрсөн он бол Монголын нэр дэлхийд цуурайтсан жил байлаа. Монгол Улсын Засгийн газраас “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” илэрхийллийн түлхүүр үг, брэндинг, өнгө төрхийг баталж, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлийг гаргасан. Улмаар “Welcome to Mongolia” цогц арга хэмжээг Бүгд Найрамдах Солонгос Улсад, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тус тус зохион байгуулж, Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг 500 гаруй төлөөлөгчдөд толилуулсан юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий Бүгд Найрамдах Солонгос Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Казахстан зэрэг 10 улсын өвлөн уламжлагчдын төлөөллийг хамруулан олон улсын фестиваль хэлбэрээр зохион байгуулж, 200 гаруй мянган хүн зорин ирж, сонирхлоо. Олон улсын хэвлэл мэдээллийн СNN телевизээр Монголчуудын нүүдэлчин ахуйн талаар нэвтрүүлэг хийж, дэлхий нийтээр сурталчлан таниулсан нь ололттой үйл явдал байлаа.
Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёлын өвийг нөлөөлөгч нараар дамжуулж олон улсад сурталчлах зорилтын хүрээнд Дэлхийн шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчдын “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сард зохион байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Тус арга хэмжээний хүрээнд цахим нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай 10 орны 19 нөлөөлөгчид Монгол Улсаар аялж, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирж, Монголын тухай олон контент хийж олон нийтийн цахим сүлжээгээр түгээн танилцуулсан бөгөөд Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээнүүдээр нийтдээ 40 контентыг нийтэлж 155 сая орчим сая хүнд хүргэсэн юм.
Энэ мэтчилэн олон чухал арга хэмжээг Засгийн газар, Соёлын яамнаас санаачлан зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Түүний дэмээр ч дэлхий Монголыг улам гүн танин мэдэж, Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдлээ. Энэ жил ч өгөөж нь илэрнэ. Шимээр нь Монголын эдийн засаг ч үнэмлэхүй сэргэж, дэмнэгдэх биз ээ.
Д.Сүрэн
Sanuulga.mn