Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Нүүрсчдээ "бандаж" дөнгөх нь үү, Б.Энхбаяр сайд аа!

Нүүрсчдээ "бандаж" дөнгөх нь үү, Б.Энхбаяр сайд аа!

Өнгөрөгч оны 12 сард нүүрсний хэргийн гэх сүр дуулиантай сонсгол Төрийн орлонд болов. Энэхүү сонсголоор нүүрс тээвэр, оффтейк гэрээ, жижиг "Тавантолгой", "Тавантолгой түлш" компанитай холбоотой асуудлуудыг шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн авч үзэж, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцсэн юм.

Үр дүнд нь Өмнөговь аймаг дахь хууль бус газар олголт мөн "Тавантолгой түлш" компанийн удирдлагуудын даврал, улс төртэй хамааралтай этгээдүүдийн томоохон булхай луйвар, хулгай худал ил болов. Улмаар энэ асуудлыг цаашдаа хууль хяналтын байгууллага лавшируулан шалгахаар болсон юм.

Гэвч нүүрсний сонсгол болсноос хойш даруй сар орчмын хугацаа өнгөрөөд байхад хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллаж, хэн хэний асуудлыг шалгаж, хэн хэнд хариуцлага хүлээлгэхээр болсон нь огтоосоо тодорхой бус байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний гэх хэргийн үнэн мөнийг ширхэг бүрээр нь дэлгэнэ, нүүрсчдийг утгаар нь сандаргана, хариуцлага хүлээлгэнэ хэмээн удаа дараа цочир мэдэгдэл хийсэн. Сонсголын үеэр ч но-той эрхмүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тос усыг нь ялгана хэмээн ширүүхэн авирласан. Тийн атал өдгөө үр дүн нь мэдэгдсэнгүй, мэдрэгдсэнгүй. Тодорхой асуудлууд олон нийтэд ил болсон ч түүн холбогдогчид нь хариуцлагаас ангид хэвээр л.

Ард түмэн бухимдаж байна. Нүүрсний сонсгол хэмээгч нь “нүглийн нүдийг гурилаар хуурсан” хэрэг боллоо хэмээн шогширч байна. Бүр нүүрсний хэргийн гол гэрч гэгдэх Б.Ганхуягийг ч сонсголд оруулаагүй шүү дээ. Эндээс л ихээхэн учир ухагдана.

Ямартай ч одоо манай хууль, хяналтын байгууллагынхан дорвитой ажиллах хэрэгтэй. Нүүрсчдийг сандаргах хэрэгтэй. Хууль зүйн сайд ч оройлон чармайж, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзвэл зохилтой. Байж боломгүй асуудлууд захаасаа дэлгэгдсэн. Өөрсдийгөө шагнадаг, өвөр зуураа мөнгө гувчуулдаг, дансаараа дамжуулдаг, бүртгэлгүй нүүрс гаргадаг гээд л. Тэр бүхнийхээ үйлдэгчдийг бат, нот олж, баримттайгаар хариуцлага хүлээлгэх нь зүй. Монголчууд харж байна, олон нийт хянаж байна, басхүү шударга ёсыг шаардаж байна.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)