Нүүрсний гол гэрч Б.Ганхуягаас хэзээ "мэдээлэл, баримт" сонсох вэ?
Өнгөрөгч оны 12 сард нүүрсний хэргийн гэх сүр дуулиантай сонсгол Төрийн орлонд болж өнгөрлөө. Энэхүү сонсголоор нүүрс тээвэр, оффтейк гэрээ, жижиг "Тавантолгой", "Тавантолгой түлш" компанитай холбоотой асуудлуудыг шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн авч үзэж, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцлээ.
Үр дүнд нь Өмнөговь аймаг дахь хууль бус газар олголт мөн "Тавантолгой түлш" компанийн удирдлагуудын даврал, улс төртэй хамааралтай этгээдүүдийн томоохон булхай луйвар, хулгай худал ил болов. Энэ асуудлыг цаашдаа хууль хяналтын байгууллага лавшируулан шалгана биз ээ.
Гэвч уг сонсголоор нүүрсний гэх хэргийн үнэн мөн нь утгаараа илэрсэнгүй. Тос ус нь ялгарсангүй.
Учир юун гэвээс нүүрсний хэргийн гэх уг сонсголд асуудлын гогцоо, учгийг сайтар мэдэх хүмүүсийн нэг, гол гэрч гэгдэх ЭТТ компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцоогүй юм.
Тэрбээр нүүрсний гэх хэргийн бүх но-г дэлгэнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Мөн доор харагдаж байгаачлан захидлаар хүртэл хэд хэдэн удаа сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч холбогдох байгууллага албан тушаалтнууд нь түүний хүсэлтийг ойшоосонгүй. Мөн сонсголд оролцох боломжоор ч хангасангүй.
Б.Ганхуяг хорих ангиас бичсэн захидалдаа "Надад миний хийсэн ажил, үр дүн, намайг буруутгасан асуудлын зөвтгөл, баримт, нүүрсний чухал гэх 512 хуудас материал байгаа болно" гэж бичсэн.
Тиймээс л зүй нь бол Б.Ганхуягийг сонсголд оруулж, түүний үгийг нь сонсох хэрэгтэй. Гол гэрчээс ам асууж, нүүрсний гэх хэрэгт холбоотой улс төрчид эрх мэдэлтнүүдийг сандаргаж, ацан шалаанд оруулах ёстой байсан юм. Гэвч тийм зүйл болоогүй. Гэхдээ одоо сонсгол өндөрлөсөн ч гэсэн оройтоогүй түүнээс асуух хэрэгтэй.
Б.Ганхуяг нэлээн их зүйлийг мэдээд байна. Тэр нь ч нийгэмд бат, нот мэдрэгдээд байна. Тиймээс Б.Ганхуягийн асуудлыг нэг тийш нь шийдэж, үгийг нь сонсмоор байна. Тэгж гэмээнэ л нэлээдгүй зүйлийн учиг тайлагдмаар... Бас түүнийг буруутгаж байгаа бол баримтаар нотолж, шүүх хурлаар оруулж ялыг нь өгөх, буруугүй бол чөлөөлж, суллах хэрэгтэй баймаар.
Ард түмний хүсэл ч тийн зүгт давалгаалж байна.
Д.Сүрэн
Sanuulga.mn