Нийслэлийн цэргийн бүртгэлийг энэ сарын 19 хүртэл хийнэ
Нийслэлийн цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж, энэ сарын 19-ийг хүртэл үргэлжилнэ. Уг бүртгэлтэй холбоотойгоор Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл өглөө.
Нийслэлийн цэргийн штабын дарга Г.Ялалт: 2024 оны цэргийн бүртгэлийн ажиллагааг нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлүүлж байна. 65 хүртэлх насны бэлтгэл офицер, 18-50 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд хамрагдана. Засаг захиргаан анхан шатны нэгж болох хорооны ажлын албаны байран дээр ажлын өдрүүдэд 8-18 цаг хүртэл, амралтын өдөр 9-16 цагийн хооронд цэргийн бүртгэлийг хийнэ.
Цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг бүгдийг нь цахим болгох нь учир дутагдалтай. Тиймээс цаасан болон цахим аргыг хослуулан явуулж байна. Бид иргэнээ бодож хоёр жилийн өмнөөс энэ үйл ажиллагааг цахим болгосон. Аль болох ажлын байр, гэр орон, байгаа газраасаа цахим мэдээллийн сувгийг ашиглаад цэргийн бүртгэлд хамрагдах боломжийг олгож байгаа. Сүүлийн 2021, 2022 онд хариуцлага тооцоогүй явсан. Энэ оноос батлан хамгаалахын үйлчилгээг таны гэрт хүргэж байхад үүргээ биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжтэй тэнцэх буюу 100 мянган төгрөгийн торгууль оногдуулна. Иргэд үүн дээр хариуцлага тооцно, торгоно, шийтгэнэ гэдэг талаас нь харахгүй, хандахгүй байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол иргэний журамт үүрэг.
Иргэд хамгийн гол нь хаана байгаагаас үл шалтгаалан бүртгэлд хамрагдаж, үнэн бодитой мэдээлэл гаргах хэрэгтэй. Цэргийн албаны тухайд шилжсэн бол шилжиж явсан, түр оршин суугаа тухайгаа тухайн орон нутагтаа мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй.
Ийнхүү цэргийн насны иргэдийн бүртгэл эхэллээ. Иргэд И-Монголиа аппликейшнийг ашиглан бүртгүүлэх боломжтой. Мөн интернэт сүлжээгүй, цахимаар бүртгүүлж чадахгүй бол цаасан хэлбэрээр буюу оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх боломжтой аж.