Сангуудыг "хоосолж", банкнуудыг “сэгсрэгчдэдээ ч” иргэдтэйгээ ижил хандъя
Оны эхнээс хэд хэдэн чухал хууль хэрэгжиж эхэлж буй. Тэдгээрээс олны анхаарлын төвд хамгийн их өртөөд байгаа нь Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Архидан согтуурсан үедээ жолоо барьсан тохиолдолд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж. Жолоодох эрхийг нь хасах, өндөр дүнтэй мөнгөн торгуулиар торгох, бүр хорих ял шийтгэх заалтууд ч нэмэгдэж. Нийгэм даяр асар том хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хуулийн ончтой эсэхийг бултаараа хэлцэж байна. Гэхдээ одоо тийн шаагих цаг биш. Хууль нэгэнт хэрэгжээд эхэлсэн. Хаа хаанаа хариуцлагатай байх цаг үе нь л эрхгүй ирж.
Нөгөөтэйгүүр уг хууль хэрэгжсэнтэй холбогдуулан нийгмийн зарим хэсгээс өөр өнцгийн байр суурь “мэтгэж” байна. Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн торгуулиа 15 хоногийн дотор төлөхгүй бол торгууль нь 50 хувиар нэмэгдэж байгаа. Тэгвэл яг энэ жишгээр ЖДҮСан, Хөгжлийн банк, ТЭДС, БЗС-гуудын төлөгдөөгүй зээлүүдийг хугацаандаа төлөхгүй бол хувь нэмж төлүүлэх хэрэгтэй гэж эгдүүцэн дуугарах хэсэг байна. Уг нь бодууштай л зүйл. Жирийн иргэд тээврийн хэрэгслийн торгуулиа хугацаанд нь төлөөгүйгээсээ болоод бүр өндөр дүнгээр “бандуулж” байхад эрх мэдэлтнүүд дээр дурдагдсан банк, сангуудаас өч төчнөөн сая, тэрбумаар нь зээл авч, хугацаа хэтрүүлчхээд хариуцлага хүлээдэггүй, цаашлаад тэглүүлж, завшдаг байж болохгүй. Энэ нь зүйд нийцэхгүй. Шударга ёсны зарчимтай ч авцалдахгүй. Тиймээс тэгш байя. Сангуудыг хоосолж, банкнуудыг “дампууруулагчдадаа ч” иргэдтэйгээ ижил хандъя...
Д.Сүрэн
Sanuulga.mn