Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 2.7-14 саяар торгож, 6 сараас гурван жил хорино
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тус хуулиудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангарч, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх гэх мэт олон өөрчлөлт оруулсан билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, хохирогчийг 18 насанд хүрэхээр тоолж эхлэх өөрчлөлтийг оруулсан. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй. Хорих ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 жил болгон нэмэгдүүлсэн.
Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэрэг үйлдээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгоно, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
Согтуурсан мансуурсан үедээ хоёроос дээш хүний амь насыг хохироосон бол 8-12 жил жолоодох эрхийг хасаж, 2-8 жил хорино.
Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийг 50 хувиар хөнгөлнө. Хугацаа гэдэг нь 15 хоногийн хугацаанд төлнө гэсэн үг. Харин хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Торгуулиа төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийн шинэ төрөл оруулсан.
-Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжих эрхийг хязгаарлах, жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, нөхөн авах, ангилал нэмэх, өөрчлөх эрхийг хязгаарлана. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана.