Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН 10 ҮЙЛ ЯВДЛЫГ ЭРГЭН САНУУЛЪЯ

ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН 10 ҮЙЛ ЯВДЛЫГ ЭРГЭН САНУУЛЪЯ

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Он солигдох мөчид хүмүүс бид өмнөх оныхоо алдааг оноог дүгнэж цэгнэдэг уламжлалтай. Сануулга.мн сайтын редакциас өнгөрч буй 2023 онд болсон авлига албан тушаалын гэмт хэрэг, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой өрнөсөн үйл явдлууд, ирэх  2024 онд  ч МАРТАЖ БОЛОХГҮЙ оны онцлох 10 үйл явдлыг эргэн сануулж байна.

  1. Өнгөрөгч оны 1 дугаар сард  УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийг гадаад валют болон бэлэн мөнгөрө хураан авсан. Төмөр замын жижигхэн хурган дарга гэртээ ийм хэмжээний авлигын мөнгийг хадгалчихсан байсан нь олны анхаарлыг татсан. Түүний хадгалсан мөнгө нь зөвхөн түүний өөрийнх биш, холбогдох ДАРГА НАРТ ОЧИХ ЁСТОЙ МӨНГӨ БАЙСАН гэж ярьдаг ч энэ асуудлыг шүүхээс нотолсонгүй. Иргэн С.Батдөлд хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэрэгт буруутгаж 10 жилийн ял оноосон.
  2. Өнгөрсөн 3 сард УИХ дээр Хөгжлийн банкны хэргийг Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болсон. Тус сонсголын хүрээнд онгол Хөгжлийн Банктай холбоотой хэргийн сонсголыг гурван үе шаттайгаар явуулж, 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь оролцсон. Жирийн иргэд биш улс төрчидл, эрх мэдэлтэнүүдтэй холбоотой хүмүүс хэрхэн яаж зээл авдаг, авсан зээлээ юунд яаж зарцуулсан, яагаад ЗЭЭЛЭЭ ЭРГЭН ТӨЛДӨГГҮЙ тухай эл сонсголоос ард түмэн мэдэж авав.
  3. Монголд анх удаа хамгийн олон буюу 275  хүн оролцсон  уг хэргийн шүүх хурлын бүх үе шатыг монголчууд бид нээлттэй үзэв. Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Харамсалтай нь мөнөөх л улс төрчид ял зэмгүй “СУГАРАН ГАРАВ”.
  4. Өнгөрсөн 7 сард орсон усархаг борооны улмаас Сэлбэ голын эрэг дагуух хэд хэдэн байршил дах орон сууцны В1 давхарууд үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж,  олон арван иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүд хохирол амссан. Сэлбэ гол дагуух үерийн хамгаалалтын бүсэд газар олгосон, байшин, орон сууц барих зөвшөөрөл олгосон, олон жил төлөвлөлтгүй явж ирсэн нь  ийнхүү эрсдэл учрахад хүргэсэн. Мөн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагууд үер усны асуудал үүссэн нөхцөлд хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөөгүй,  тоног төхөөрөмж муутай, бэлтгэлгүй байгаа нь ажиглагдсан. Энэ үер Хотын дарга Д.Сумъяабазар үеийн даланг өөрчилж байшин барьсан S.Outlet дэлгүүр, Aqua garden хорооллыг НУРААХАА МЭДЭГДСЭН Ч ЭНЭ АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ ХЭВЭЭР байна.  
  5. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 08 дугар сарын 09-ний өдөр НИТХ-д оролцон мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн босгох 500 тэрбумын бондоос 177 тэрбумаар нь агаарын бохирдол бууруулах хүрээнд БНХАУ-аас хагас коксжих нүүрс авах асуудлыг ЭХЯ-аас оруулж ирнэ. Хагас коксжих нүүрсээр шахмал түлшний мидлингийг орлуулснаар агаарын бохирдлыг бууруулна. Шахмал түлшний мидлингийг 177 тэрбум төгрөгөөр худалдаж авах хагас коксжих нүүрсээр орлуулах туршилт хийнэ.  Ингэхдээ 12 дугаар сарын 15-02 дугаар сарын 1-ийг хүртэл Нисэх, Яармаг, Налайх Багануур дүүрэг, Дархан-Уул аймагт туршина гэсэн. Гэвч энэ ажил нийслэлээс босгох БОНД ХОЙШИЛСОН, ОЛОН НИЙТИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ тулгарсны улмаас зогссон.
  6. Түгжрэл бууруулах хүрээнд төсвөөс олгосон 400 орчим тэрбум төгрөгөөр  “хулхи ногоон” буюу капитал засвар хийсэн автобус оруулж, энэ үйл явдал нь авлига албан тушаалтнуудтай холбоотой болох нь илэрхий болж, үүний улмаас Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар огцорсон. Гэвч  тэд өнөөдөр болтол хэн нэгэн албан тушаалтан ногоон автобустай холбоотой авлигын хэргээр хэн нэгэн албан тушаалтан ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ байна.
  7. Бүтэн жил ярьж байж УИХ дээр хэрэгжсэн, төрд нүүрлэсэн авлига, Нүүрсний хулгайг илрүүлэх Нүүрсний сонсголд  нүүрсний хулгайн гол гэрч гэгдэх “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шүүхээс нүүрсний сонсголд оруулаагүй нь тус сонсголыг “АМЬГҮЙ” мэт болгосон. 
  8. Улаанбаатарчууд угаартах хэмжээнд хүрсэн утааны асуудал байсаар атал утааг бууруулах үүрэгтэй Таван толгой түлш компаний удирдлагууд Сайжируулсан түлш үйлдвэрлэж байгаа нэрээр төсвийн хэдэн зуун сая төгрөгийг шамшигдуулж, завшиж, өөрсөддөө урамшуулал олгож, хувь ажилтны болон эхнэр нөхрийнхөө хувийн дансанд мөнгө шилжүүлж, тендергүй худалдан авалти хийж, барьцалдуулагч хийх туршилт нэрээр 700 гаруй сая төгрөгөөр гурил худалдан авч акталж, ах дүү найз нөхөд, нэг хороонд ажиллаж байсан хүмүүсээр багаа бүрдүүлж, товчхондоо хуульгүй мэт дураараа дургиж, УТААГААР МӨНГӨ ХИЙЦГЭЭЖ байна. Ийм нөхцөлд хотын утаа буурах тухай бодоод ч хэрэггүй биз.
  9. Боловсролын зээлийн сангийн “булхай” ил болов. Эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд мэдээлэлд ойр байх давуу байдлаа ашиглан шалгуур нөхцөлийг нь хангаагүй ч хамаагүй өөрийн хүүхдүүдээ, хамаарал бүхий этгээдүүдээ Боловсролын зээлд хамруулдаг, авсан зээлээ эргүүлэн төлөлгүй, аргалж тэглэдэг, ардын хүүхэд зээл авч чаддаггүй байдал ил болов. Бакалаврт 167 тэрбумыг 421 суралцагчид, Магистр, докторт 1947 суралцагчид нийт 196 тэрбум төгрөгийн зээл олгосноос 99-100 хувь эргэн төлөөгүй байв. Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн мэдээллийг ил болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумыг эргэн төлжээ. Энэ сэдвийг  бид марталгүй үргэлж сануулах ёстой. Эс бөгөөс мэдлэг чадвараараа суралцах ёстой хүүхдүүдийн өмнүүр сайд дарга, гишүүдийн хүүхдүүд ДАВУУ ЭРХЭЭР ЗЭЭЛ авсаар байх болно.
  10. Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлсөн үйл явдал энэ жил болж өнгөрлөө. Өнгөрсөн 5 сард Isee.mn сайтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүсэлтээр, сая 12 сард СХД-ийн прокурорын хүсэлтээр zarig.mn сайтыг ХХЗХ-оос тус тус хаасан, Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан үйл явдал боллоо. Улс төрчдийн олон асуудалд шүүмжлэлттэй ханддаг Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон байдал үргэлжилж байна. Энэ янзаараа эрх баригчдын зүгээс “шүүхтэй нийлэн” ардчилалын үнэт зүйлс болсон хэвлэн нийтлэх ЭРХ ЧӨЛӨӨГ УЛАМ БҮР БООМИЛОХ нь тодорхой болж байна.

Sanuulga.mn сайтын редакци

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)