Цэнхэр дэвсгэртэй дугаарыг алдаатай хэвлүүлж замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн жолоодох эрхийг гурван сараар хасжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.12.18-наас 22-ны өдрүүдэд) 29,353 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 135 хэргийг хүргүүлжээ.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл нийтлэгдсэнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгахад Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Экологийн цагдаагийн албанаас иргэн “О” нь энэ оны 09 дүгээр сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13,7 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорт хүргүүлжээ.