Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ҮХЛИЙН ХӨНДИЙДӨӨ "хороор ундаалсаар л" амьдарцгаах уу!

ҮХЛИЙН ХӨНДИЙДӨӨ "хороор ундаалсаар л" амьдарцгаах уу!

Улаанбаатарчуудын уур бухимдал дээд цэгтээ хүрч байна. Шалтгаан нь тоймгүй. Утаа, түгжрэлээс авхуулаад толгой өвтгөх асуудлууд бидэнд олон байна шүү дээ.

Энэ жил агаарын бохирдол, утаа бүр гаарлаа. Богд уулнаас нийслэлийг тольдвол өр өвтгөм дүр зураг үзэгдэнэ. Өнөөх олны хэлдгээр үхлийн хөндийн бодит төрх утгаараа харагдана.

Нийслэлийн удирдлагууд шахмал түлшиндээ найдсан, эрдсэн. Гэтэл шахмал түлш утааг бууруулах төгс шийдэл биш нь нотлогдов. Угаас ч биш байсан. Түр зуур гал унтраах арга л байсан. Цаашид бидэнд том, үр дүнтэй бодлого, гарц, гаргалгаа хэрэгтэй. Тиймгүй аваас нийслэлчүүдийн ирээдүй бүрхэг байна.

Утаанаас болж өвчлөл нэмэгдсэнийг эрдэмтэд, судлаачид хэлээд л байгаа. Цаашид энэ байдлаараа байвал хэтдээ амаа барих нөхцөл үүснэ шүү гээд ч сануулаад л байгаа. Гэтэл хотын удирдлагууд, эрх баригчид үүнийг төдийлөн анхаарахгүй нь. Дараагийн сонгуульдаа бэлдээд л баатар дүр эсгэн гүйцгээх шиг харагдах.

Хотын захаар бол жинхэнэ гамшиг л болж байна. Гамшгийн дүр зураг ноёлж байгаа. Манай улстөрчид очоод үзвэл ангайна даа. Даан ч очдог нь ховор, бараг байхгүй.

Энэ өвөл бид ногоон автобус, нүүрсний асуудалд хэт төвлөрсөөр утаагаа бүр умартаж орхисон. Энэ нь ч бараг дээдчүүлд зол болох шиг болов. Гэхдээ ард түмэн хэрсүүжсэн. Одоо утааны асуудлыг эргэн далайцтайгаар хөндөж, нийгэм давлгаалж байна.  

Үе үеийн хотын удирдлагуудын авлигын үр дүн л энэ. Үүнийг ч түмэн олон хэдийнээ ухаараад хариуцлага нэхэн хашгирч байна. Тун зүйтэй. Ард түмний хашгираан ямагт үр дүнд хүрдэг учиртай. Энэ бол ардчилсан нийгмийн давуу чанар шүү дээ.

Утаанбаатар гэх энэ ҮХЛИЙН ХӨНДИЙД хэзээг хүртэл бид хор залгиж алхах вэ. Хор залгиж буйгаа мэдсээр байж хэзээг хүртэл мэдээгүй юм шиг хүлцэх вэ. Одоо болсон. Өөрчлөх, шаардах цаг нь ч болсон.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)