Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна

Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ.

Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Хянан шалгах түр хороо нь одоогоор нийт есөн хянан шалгагч, шинжээчийг томилон ажиллуулж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэрийн хэрэгжилт, эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал зэрэгтэй газар дээр очиж танилцаж, нотлох баримт цуглуулан ажиллаж байгааг дурдлаа. 

Мөн эмийн чанарыг хянах тогтолцоо, эмийн чанарыг үнэлэх биологийн сорил, эмнэл зүйн судалгааны байдал, зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашлаад тендер шалгаруулалт, татвар зэрэг асуудлыг авч үзэж, дүн шинжилгээ хийж байна хэмээв.

Түүнчлэн Хянан шалгах түр хороо ажиллах явцад холбогдох зөрчил илэрч байгааг нарийвчлан шалган судлах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чухал байгааг онцлов. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн. 

Манай улсын хувьд эмийн чанарын шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын харьяа Эмийн хяналтын лабораторид хийдэг байсан ч татан буугдсаны дараа эмийн чанарыг баталгаажуулах шинжилгээний лабораторийн хүчин чадал хангалтгүй түвшинд хүрсэн байна. Эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол  2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгдсэн гэж байлаа.

Эх орны 40 орчим эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн европ болон уламжлалт эм, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсын эмийн жилийн нийт хэрэгцээний 30 орчим хувийг эзэлж байгааг Хянан шалгах түр хорооны дарга мэдээлэлдээ дурдаад цаашид тусгай шалгалтын хүрээнд нарийвчлан цуглуулах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, холбогдох этгээдээс тайлбар авах, эмийн хадгалалт, хамгаалалтын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар зарим аймаг, сумдын эмийн сан, гаалийн хяналтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах  зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Бейсен нар эмийн үнэ анхдагч буюу гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувь өсөж, иргэдэд борлуулагддаг нь шалгалтаар тогтоогдсон. Нийслэлийн эмийн санд бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэх хэмжээ дунджаар 32 хувь, аймгийн төвийн эмийн сангуудад бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэл нэмэгдэх хэмжээ дунджаар 31 хувиар тус тус нэмэгддэг байна.

Гэвч зарим нэршлийн эм 90 хүртэл хувиар нэмэгдсэн тохиолдолд гарсан. Энэ нь хөдөө, орон нутагт эмийн хүрэлцээ муу, эмийн сангийн байршил, хүчин чадал, үйлчлэх хүрээ нь хүн амын нягтшилаас хамаарах, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалан эмийн сангуудаар эм харилцан адилгүй үнээр борлуулагдаж байгааг онцлов. 

Түүнчлэн  Эрүүл мэндийн даатгалын санд эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв, санхүүжилт өсөлттэй байгаа ч эмийн чанарын асуудалд нэгдсэн мэдээлэлгүй байгаагийн зэрэгцээ  Монгол Улсын хэмжээнд дөрвөөс таван аж ахуй нэгж давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эмийн үнэ, чанарын асуудалд хөөргөдөл үүсгэж байна.  

Энэ нь Монгол Улс эмийн чанар, үнийн асуудалд бодлого алдагдсаныг харуулж байгааг гишүүд мэдээлэлдээ тодотгож байлаа. Иймд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгах шинжээчид Монгол Улсад худалдаалагдаж байгаа эмийн чанарт судалгаа хийхэд олон нийтийн оролцоо шаардлагатай хэмээлээ.

Хянан шалгах түр хороо 2023 оны 03 дугаар сард нотлох баримтыг шалган судлах сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар өнөөдрөөс эхлэн хүлээн авахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)