Нүүрсний хэрэгт шалгагдаж буй Б.Ганхуягийг яагаад “Нүүрсний сонсгол”-д оруулахгүй байна вэ?
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг бараг жилийн өмнө нүүрсний хэрэгт холбогдуулан баривчилсан ч өнөөдрийг хүртэл түүнд шүүхээс ямар нэг ял өгч шийтгээгүй байна.
Нүүрсний хэрэг анх яригдаж олны анхааралд хүрснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, АТГ-аас тухайн үед нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарласнаас ганцхан Б.Ганхуяг хоригдож, бусад нь сул чөлөөтөй байгаа төдийгүй, тэдний зарим нь нүүрсний хэрэгт холбоотой эсэх нь тодорхойгүй болж, хэрэг явдал замхарч байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлэхийг зорьж, УИХ-аас өнгөрсөн зунаас эхлэн явуулахаар бэлтгэлийг нь хангаж эхэлсэн ч удаа дараа хойшилсоор сая 12 сард эхэлсэн “Нүүрсний сонсгол”-оор эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хулгай луйварын үйлдлүүд багагүй илрэх шинжтэй.
Гэвч иргэд, “нүүрсний хулгай”-н жинхэнэ эзэд, МАН-ын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд, УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд дарга нар болон тэдний гар хөл бологсод төдийлөн “Нүүрсний сонсгол”-д гэрчээр оролцохгүй байгаа тухай ярьж байна. Мөн “нүүрсний хулгайчаар цоллогдон” яллагдахдаа тулж буй ЭТТ-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оруулах асуудлыг “эрх баригчид”-ийн зүгээс шүүхийн нэр барьсан эс үйлдлээрээ үл зөвшөөрөх нь бололтой.
Б.Ганхуягийн хувьд “Нүүрсний сонсгол”-д гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан ч түүний хүсэлтээр “Нүүрсний сонсгол”-д гэрчээр оруулахгүй нь тодорхой болчих шиг боллоо.
Өчигдөр (12.19) болсон “Нүүрсний сонсгол”-д Б.Ганхуяг гэрчээр оролцох байсан ч сонсголын эхэнд шинжээчийн ирцийн танилцуулгад дурьсанаар “Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оруулах хүсэлтэнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн зүгээс татгалзсан хариуг албан бичгээр өгч, үүндээ “Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгчдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоогоогүй бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа тул боломжгүй” гэх агуулгаар тайлбар өгчээ.
Эндээс харахад шүүхийн зүгээс Б.Ганхуягийг “Нүүрсний хулгайн асуудалд гэм буруутай нь тогтоогдоогүй, хэрэг нь шалгагдаж байгаа тул “Нүүрсний сонсгол”-д оруулах боломжгүй гэсэн утгатай тайлбар өгсөн бол Б.Ганхуяг 0461-р ангиас илгээсэн захидалдаа “Би одоогоор “Шалгуулагч” төдий буюу иргэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл гадуур шалгуулах, байцаагдах, хяналт дор эрх бүхий газрын (УИХ) шийдвэрээр сонсгол, мэдээлэл, мэтгэлцээнд хүртэл оролцох бүх боломж нээлттэй байгааг шүүхээс мэдэгдсэн” гэсэн зөрчилтэй мэдээлэл явж байна.
Товчхондоо УИХ-ын сонсголын мэдээлэлд болохоор “шүүхээс Б.Ганхуягийг “Нүүрсний сонсгол”-д оролцуулах боломжгүй” гэсэн, Б.Ганхуяг өөрөө болохоор УИХ-ын шийдвэрээр сонсголд оролцох боломжтойг шүүхээс мэдэгдсэн” гээд байдаг.
Эндээс харахад ямартай ч Б.Ганхуяг гэдэг хүнийг “Нүүрсний сонсгол”-д гэрчээр оролцуулахыг тодорхой “субъектууд” хүсэхгүй байгаа бололтой. Ийм шалтаг, шалтгаан байгаа тухай Б.Ганхуяг 0461-р хорих ангиас илгээсэн захидалдаа дурьджээ.
Тэрбээр: “Би маш олон зүйлийн талаар үнэнийг нийтэд ил тодоор мэдээлж чадна. Тэр тусмаа Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой олон зүйлийн үнэнийг хэлж чадах хүн.. ...би ЭТТ ХК-д ямар ч хулгайг нүүрлүүлэх нь бүү хэл хар сүүдэр ч ойртуулалгүй хамгаалж, улс төрчдийн дарамтыг үл тоон, дарга нарын бус иргэдийн компани болгохын төлөө зүтгэж байсан нь үнэн.
Би ЭТТ ХК-д ямар ч улс төрчийг, бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн. Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө ч, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байх шиг байна. Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд энэнд өг гэж доромжлох нь наад захын хэрэг байсан. Харин би тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойртуулаагүйдээ олон ч улс төрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой. Зарим нь ч энд сууж байна. Тэглээ гээд би зарчимаасаа ухраагүй, цаашид ч хатуу байх зүрх надад бий...” гэж тэр хэлжээ.
Уг нь тэр “Нүүрсний сонсгол”-д орсон бол 0461-р ангиас бичсэн дээрх захидлаас илүү бодитойг олны өмнө ярих байсан биз.
Түүнийг “Нүүрсний сонсгол”-д оруулж өөрийн нь яриад байгаа улс төрчдийн дарамтын нь тухай, хятад эзэдтэй компаний тухай, улс төрийн бүлэглэлийн нь тухай, ажилд хүн ав гэж хэн шахсан тухай, энэ тэр гэрээ тендерийг нь түүнд үүнд өг гэж хэн захирамжилдаг байсан тухай нь ”ҮНЭН”-ийг яриулсан бол “ЖИНХЭНЭ СОНСУУШТАЙ, ҮЗҮҮШТЭЙ НҮҮРСНИЙ СОНСГОЛ” болж ард иргэд жинхэнэ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ” мэдэж авах байлаа.
Б.Ганхуяг ингэж үнэнийг хэлэх бий гэхээс нүүрсний хулгайч, луйварчидад айдас төрсөн биз.
Тэгэхлээр Б.Ганхуягийг “Нүүрсний сонсгол”-д оруулахгүй байгаа шалтгаан хэнд байж болох вэ?
Та бодоод нэг үзээрэй...
А.Галт
Эх сурвалж: Амлалт.мн