Цэнхэр дугаартнууд ДАВАРЧ, жирийн олон нь ДААРАХ УУ!
Хоёрдугаар сарын нэгэн хүртэл автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг иргэдийн дийлэнх нь л эсэргүүцэж байх шиг. Эсэргүүцэх нь аргагүй. Улаанбаатарчууд хотын удирдлагууд, Түгжрэлийн сайдаас арай илүүг хүсэж, хүлээж байв. Бодлогын түвшний дорвитой шийдвэр гаргах байх гэж найдаж байв. Гэвч тэгсэнгүй. Арга ядсан, аргацаасан байдлаар асуудлыг түр намжаах аядлаа.
Түгжрэл эл хугацаанд буурах нь тодорхой. Угаас хотын тал автомашин байхгүй болох учраас аргагүй. Харин хоёрдугаар сарын нэгнээс цааш бид яах вэ гэдэг нь л гол байна. Иргэд шантарч байна, бухимдаж байна. Зам дээр хамаг цагаа алдаж, даарч хөрч, автобус унаандаа багтахгүй бухимдаж байна. Автобус хүрэлцээгүй. Хэдий зам нь сэлүүхэн ч буудлууд дээр иргэд “алалцан, барин” унаандаа “шингэж” байна.
Түүнээс гадна иргэдийг бухимдуулсан бас нэгэн үзэгдэл сүүлийн хоёр хоногт гаарах боллоо. Өмнө нь үзэгддэггүй байсан цэнхэр дугаартай автомашинууд зам дээр ихээр харагдах болж. Төрийн албаны тийн унаануудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хамгийн гол нь цэнхэр дугаар зүүсэн тэдгээр тээврийн хэрэгслүүд үнэхээр төрийн албанд харьяалагддаг машинууд уу, аль эсвэл зарим нэг хөрөнгөтэй нөхөд “мөнгө цохиж” тийн дугаар аваад, журамд захирагдахгүй дураараа дургиж байна уу гэдэг нь анхаарал татам.
Ер нь бол төрийн албаны машин байна уу, дарга сайд нарын албаны унаа байна уу хамаагүй, бүгд ард түмэнтэйгээ ижил түвшинд л баймаар байгаа юм. Хэн нь дугаарын хязгаарлалтанд орж, даарч хөрөн явган алхаад, ажил төрлөө алдаад хэн нь давуу эрх эдэлж, цэнхэр дугаартай, дархан эрхтэй унаандаа дулаан явж, түмнийг доромжлох хэрэг вэ.
Үнэхээр цэнхэр дугаар худалдаж аваад, хотоор дугаарын хязгаарлалтад өртөхгүй зорчиж болох юм бол жирийн олондоо ч тэр эрхийг нь нээж өг. Бид ч бас цэнхэр дугаараар аархъя. Дарга нараас дутахгүй дархан эрх эдэлье.
Д.Сүрэн
Sanuulga.mn