Х.Болорчулуун сайдаас ажлаа хийхийг шаардав
УИХ-ын чуулганы 2023.12.15-ны өдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар гишүүд Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал зудаас хамгаалах талаар ихээхэн асуудал хөндөж ярьцгааж байна. Энэ үеэр Н.Ганибал гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг хариуцсан салбарын ажлаа хийхгүй байгааг тодотголоо.
Тэрбээр “Өвөлжилтийн асуудал үнэхээр хүнд байна. Цаг хугацааны хувьд өдөр тутам ярьж байгаа ч шийдэл гаргахгүй бол болохгүй байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АН-ын бүлэг дээр дуудаж “Асуудлаа ярья, УОК ямар шийдвэр гаргавал энэ хүндэрсэн нөхцөлийг даван туулах юм вэ” гээд санал солилцох гэсэн ирээгүй. Дээрээс нь Байгаль орчны байнгийн хороо дээр Х.Болорчулуун сайд мөн л ирээгүй. ХХААХҮ-ийн салбарын асуудлыг тэгээд хэнтэй ярих вэ. Өнөөдөр энэ асуудлаа яриад шийдвэрүүд гаргуулаад явах ёстой хүн биз дээ. Ярьж, хэлэлцэхгүй байна. Ямар хариуцлага тооцох юм. Асуудал үүсвэл яах юм. Өвөлжилтийн талаарх өмнөх арга хэмжээнүүд ямар түвшинд байгааг бас сонсмоор байна” гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Eguur.mn