Шинэ дэлхийн аваргууд Туркт татвар төлсөн бол Монголд төлөхгүй
PUBG mobile тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол баг түрүүлсэн. Тэднийг 400,000 ам.доллар буюу ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгөөр шагнаж буй. Үүнтэй зэрэгцэж тэдний шагналын мөнгөний тодорхой хэсгийг улсаас татварт суутгах асуудал олон нийтийн дургүйцлыг хүргээд буй. Тэгвэл шинэхэн дэлхийн аваргууд татвараа заавал Монгол Улсад төлөхгүй байх боломж байгаа аж.
Тодруулбал, БНТУ-Монгол улсын Засгийн газрын хооронд "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай" хэлэлцээрийг байгуулан 1997 оноос мөрдөж эхэлжээ. Энэхүү гэрээний дагуу хэрэв мөнгөн шагнал өгсөн Туркийн тал татвар суутган авсан бол Монгол улс татвар авахгүй байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Туркийн тал татвараа суутгаж авсан бол Монгол улс татвар авахгүй гэсэн үг юм.