“Халзан бүрэгтэй” уул аврал нэхэн "бархирч" байна
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” уулын орчимд байгалийн ховор элемент илэрсэнтэй холбоотойгоор олборлох гэсэн байгууллагын үйл ажиллагааг сүүлийн өдрүүдэд нутгийн иргэдийг багагүй бухимдуулаад байна.
“Халзан бүрэгтэй” уулын ай сав газарт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “Сахал” гэгдэх Д.Эрдэнэбилэг газрын ховор элементийн хоёр лиценз эзэмшдэг. Улмаар лиценз эзэмшлийнхээ талбайдаа хайгуулын ажил эхлүүлчихээд байгаа гэх. Үүнийг нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр дэмжиж, ҮАБЗ-өөс хүн томилж газар дээр нь очуулж, хайгуулын талбай дээр очиж, ажилтай нь танилцсан байна.
Эл явдал нутгийн иргэд болоод, олон нийтийн анхаарлыг татаж, “Д.Эрдэнэбилэг болоод Ж.Энхбаяр нар “Халзан бүрэгтэй” уулыг юу юугүй ухах нь” гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
“Халзан бүрэгтэй” уул бол Хар ус нуурын байгаль экологи, стратегийн хувьд чухал ач холбогдол бүхий бүсэд оршдог. Монголын цэвэр усны нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Хар ус нуур Халзан бүрэгдэй уулын хажууханд бий. Хэрвээ Халзан бүрэгдэй ууланд олборлолт явуулбал Хар ус нуурын экосистемд сөргөөр нөлөөлөх маш том эрсдэлтэй.
Түүнчлэн Халзан бүрэгтэй уулын ойр орчимд түүхийн үнэт дурсгалууд олноор хадгалагддаг бөгөөд хүрэл зэвсгийн үед хамаарах 60 гаруй булш, эд өлгийн зүйл олдсон байдаг
Олдворуудын дийлэнх нь эртний язгууртны булш байгаа аж. Энэ мэт чухал ач холбогдолтой учир Халзан бүрэгдэй уул хүссэн нэгнийх нь хөндчих амар “хайрхан” биш л байлтай.
Мөн Цөмийн энергийн газраас “Халзан бүрэгтэй” уулын хайгуулын бүсэд шинжилгээ хийж, “Хөрсний сорьцуудад ураны идэвх харьцангуй их байна” гэх дүгнэлтийг гаргасан. Цаашид хөдөлмөр хамгааллын дүрмийг хангаж ажиллахгүй бол хүн амыг цацраг идэвхийн аюулд өртүүлэх эрсдэлтэйг ч онцолсон аж.
Гэвч мэргэжлийн байгууллагын энэ мэт дүгнэлтүүд Д.Эрдэнэбилэг, Ж.Энхбаяр нарт хамаагүй юм шиг.
Ард иргэдийн эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдлаас илүү тухайн нөхдийн хувийн эрх ашиг л тэргүүн зэрэгт эрэмбэлэгдэх бололтой.
Нутгийн иргэд Халзан бүрэгтэй уулаа ухуулахгүй хэмээн тэмцэж, эсэргүүцлийн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.
Хэдхэн хүний шуналын төлөөсөнд эгэл ардын эрүүл мэнд, эртний түүхт хайрхан маань талхлагдах ёсгүй.
Иргэд нь уул нутгаа хөндүүлэхгүй гэж чадлаараа зүтгэж байхад Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд чимээ аниргүй, чихээ бөглүүлсэн мэт суугаа нь юуны учир вэ?
“Халзан бүргэтэй” уул аврал нэхэн бархирч байна. Хэн, хэзээ тэнд хуулийн цэнийг мэдрүүлэх вэ?
Д.Сүрэн
Sanuulga.mn
Цаад эзэн нь Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх 2 шүү дээ. Халзанбүргэтэйн Газрын ховор элементийг ухаж Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын эко системийг сүйтгэж дуусах нь дээ. Өөрсдийнхөө авч идсэн бондын мөнгийг ард түмнээ хордуулж, байгалийн баялгаа сүйтгэж төлөхөөр шийдэж л дээ.