Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийв.