Шилэн дансаа хөтөлдөггүй “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Шилэн дансны хуулийн дагуу төрийн бүхий л байгууллага орлого зарлагын гүйлгээтэй холбоотой бүх мэдээллээ ил тод, шилэн дансанд байршуулах учиртай.
Энэ хуулийн зарчим “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”-д ч мөн адил хамаарна.
Гэвч 2018 онд байгуулагдсан “Таван толгой түлш” ХХК нь Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд нейтлинг, барьцалдуулагч, шуудай, тоног төхөөрөмж худалдан авах, тээвэрлэлт, түгээлтийн ажлыг хариуцан хэрэгжүүлэхдээ хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах төсвийн хөрөнгийг зарцуулдаг атлаа шилэн дансаа огт хөтөлдөггүй аж.
Ганцхан жишээ дурьдахад, “Таван толгой түлш” ХХК 2023 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөгөөр ТТТ... тоот дугаартай ажил гэхэд л 37.302.548.077 (Гучин долоон тэрбум гурван зуун хоёр сая таван зуун дөчин найман мянга далан долоон төгрөг) –ийн төсөвтэй барьцалдуулагч худалдан авах бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 2023 оны 08 дураар сарын 28-ны өдөр байгуулсан байна.
Тэгвэл эл үнэлгээний хороо хэрхэн ажиллаж, ямар компанийг ямар үнийн саналаар шалгаруулсан тухай мэдээлэл тус байгууллагын шилэн дансанд огт байхгүй байна.
Түүгээр ч үл барам өнгөрсөн зун ТТТ ХХК-ийн ажилтнууд 06, 08, 09 дүгээр сард удаа дараа сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд материалын түүхий эд, технологийн судалгаа хийх, үйлдвэрийн явцтай газар дээр нь танилцах, барьцалдуулагчийн материалын судалгаа, чанар стандартыг судлах нэрээр гурван өмнөд хөрш БНХАУ-руу томилолтоор явахдаа нийт 80.8 сая төгрөг зарцуулсан ч тэр тухай мэдээллээ мөн л шилэн дансандаа байршуулаагүй байна.
Магадгүй тэд ингэж удаа дараа томилолтоор явж юуг судалж, ямар үр дүн гарсныг олон нийт мэдэх эрхтэй биз ээ.
Шилэн дансны тухай хульд заасны дагуу “шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлдэг” бөгөөд Таван толгой түлш компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн та хариуцлага хүлээх учиртай.
Хэрэв Төсвийн ерөнхийлөгч захирагчаас үүрэг даалгавар болгосор атал захиргааны болон санхүүгийн албаны холбогдох албан тушаалтнууд шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасанчлан үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг хуульчилсан байдаг.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Төрийн аудитын байгууллагаас Татван толгой түлш ХХК-д аудитын дүгнэлт хийх цаг болжээ. Эс бөгөөс татвар төлөгчдийн мөнгө ТТТ компани дээр үнэгүй, хяналтгүй урссаар байна.
Ц.Мөнх
Эх сурвалж: Амлалт.мн