Цэнхэр дугаарыг солих ажил зогссон уу С.БЯМБАЦОГТ сайд аа!
Монголын хууль 3 хоног гэдэг шиг зарим хууль тогтоол шийдвэрүүдийн үйлчилгээ нь сүржин эхэлсэн шигээ даржин дуусдаг нь харамсалтай.
Өнгөрсөн намар 09 дүгээр сард ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сүр дуулиантай мэдэгдэл хийж, Төрийн албаны машины дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр өнгөтэй болгох тухай шийдвэр гаргаж, энэ нь дарга нар албаны машинаа хувьд хэрэглэх, эхнэр хүүхдийг нь зөөх, баар рестораны гадаа ажлын бус цагаар зогсох зэрэг дүрэм журам зөрчиж байгаа учир үүнийг шийдвэрлэх, Төрд хэмнэлтийг бий болгох давуу талтай гэж мэдэгдсэн болно.
Гэвч албаны авто машины дугаар солих ажил үр дүнтэй хэрэгжиж чадсангүй. Магадгүй энэ нь машин унадаг дарга нарын санаатай, санамсаргүй үйлдэл байж болзошгүй гэж хардахад хүргэж байна.
Өчигдөр сошиал орчинд Нийслэлийн эрх бүхий албан тушаалтаны албаны машин Зайсанд байрны гадаа, өвлийн хүйтэнд 2 хоног хоносон, тэгэхдээ амралтын өдөр энгийн цагаан дугаар, ажлын өдрүүдээр цэнхэр дугаар тавьдаг тухай мэдээлэл гарсан.
Эндээс харвал албаны машины дугаар солих ажил хэдэн хувьтай үргэлжилж байгаа болон зарим үед цагаан дугаарыг хурааж авалгүй үлдээсэн эсэх, зэрэг зөрчилтэй асуудалд холбогдох албаны улсууд тайлбар өгөх нь зүйтэй.
Зүй нь автомашины дугаар солих нь хоног хугацаа алдаж хэрэгжүүлдэг ажил биш байлтай. Нүдэн баримжаагаар харахад онцгой, түргэн, цагдаагийн болон зарим албаны үйлчилгээний жижиг авто машинууд цэнхэр дугаартай болсон харагдахаас биш албаны туулах чадвар өндөр,албан тушаалын зэрэг дэвээс хамаараад дарга нарын унадаг жийп авто машинууд цэнхэр дугаар зүүсэн нь цөөн байна.
Нэгэнт нөхцөл байдал иймдээ тулж байгаа тул ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танд өөрийн гаргасан тушаал шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангаж, хянаж ажиллахыг сануулж байна.
Н.Баатар
Sanuulga.mn