Утаагаар мөнгө хийгсэд #3: "Тавантолгой түлш" компанийнхан дураараа дургиж байна
Улсын нийслэлээ утаагүй болгох гэсэн улс төрчдийн хүсэл, иргэдийн итгэл нь эцэстээ увайгүй хэдхэн хүний “баяжих, бэлжих, дураараа дургих” шат гишгүүр болоод дуусаж байх шив дээ.
“Намайг хэн саах вэ, нохойг хэн туух вэ” гэгчийн үлгэрээр Таван толгой түлш ХХК-ий Захиргаа, удирдлагийн хэлтсийн дарга, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэбатын Ууганцэцэг гэдэг хүн хэрхэн дураараа дургиж байгаа тухай баримттай мэдээлллийг энэ удаад хүргэх болно.
Энэ хүн өөрийн удирдлаган дор төрсөн гурван дүүгээ авч ажиллуулсны зэрэгцээ өмнө нь СХД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан бараг бүх хүнээ дэргэдээ татаж авсан “буянтан” аж.
Өнөө цагт хувийн компани ч ах дүүс, найз нөхөд, амраг хосуудын гэмээр бүтцийг үүсгэдэггүй атал мань эмэгтэй тэнд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр захиргааны бүтцээ дүүргэжээ.
Тэр ингэж СХД-т харьяалалтай хүмүүсийг олноор нь ТТТ компанид ажилд авч, “дураараа дургидаг үйлдэл” нь алсуураа СХД-ээс УИХ-д сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд, Хотын удирдлагуудын дэмжлэгийн авдаг байж болзошгүй гэх хардлагыг бий болгож байна.
“Таван толгой түлш” ХХК-ий Захиргаа, удирдлагийн хэлтсийн дарга Э.Ууганцэцэгийн энэ үйлдэл нь төрийн хэмнэлтийн хуулийг илтэд зөрчсөн төдийгүй цөөн хүн хийчих ажил дээр давхардуулан орон тоо баталж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг зориуд ажлын байраар хангасан байж болзошгүй аж.
Тухайлбал, Таван толгой түлш компанид өдгөө Хүний нөөцийн мэргэжилтэй хамаарал бүхий 12 хүн ажиллаж байгаа бол архив бичиг хэргийн мэргэжлийн чиглэлийн 9 хүн ажиллаж байгаа юм.
Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Таван толгой түлш” компанийн өмнөх захирал, өдгөө БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар захиргааны ажилтны тоог ингэж өргөтгөсөн гэх юм билээ.
Э.Ууганцэцэг дарга нэг өдөр тушаал гаргуулж, өөрийн хамаарал бүхий байж мэдэх 20 хүнийг шинээр ажилд авсан нь одоо ч ТТТ компаниар хэл ам дагуулж байгаа гэнэ.
Мэдээжийн хэрэг Э.Ууганцэцэг дарга эдгээр хүмүүсийг ажилд авсан тул түүний үг ТТТ компанид “хууль мэт” үйлчилдэгийн зэрэгцээ Тендерийн үнэлгээний хороог өөрийн доорх хүмүүсээр бүрдүүлж, бүхий л худалдан авалтыг “өөрийн дур зоргоор” зохион байгуулж, гадаад томилолтонд мөн л өөрийн багийнханыг ээлж дараалан авч явдаг байж болзошгүй нөхцөл энэ компанид үүссэн байх магадлалтай болжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ тухай товч мэдээлсэн бидний мэдээлэл өнгөрөгч бямба гарагт /12 сарын 09/ сошлиар гарахтай зэрэгцэн тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Ууганцэцэг өөрийн төрсөн дүү нар болон хамаарал бүхий этгээдийнхээ зураг, холбогдох мэдээллийг Таван толгой түлш компанийн дотоод сүлжээнээс устгасан гэнэ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил ийнхүү хэдхэн хувиа бодож, довоо шарлуулсан хүмүүсийн “харгайгаар” үр дүнгүй болж, өнөөдөр нийслэл даяараа хордох дээрээ тулаад байна.
Энэ асуудлыг АТГ, ЭЦГ нэн даруй шалгаж, төрийн өмчийн компанийг хувийн компани мэт “удирдан”, авлигийн сүлжээ, тендерийн будлианаар дамжуулан ах дүүс, найз нөхдөөрөө бүлэглэн хөрөнгө бэлээ зузаалж байж болзошгүй “нөхдүүдэд” хариуцлага хүлээлгэх ёстой бизээ.
Цаашдаа бид ТТТ компанийн худалдан авалт дагасан авлига, барьцалдуулагчийн “луйвар”, тээвэр түгээлтийн булхайны талаар үргэлжлүүлэн баримттай мэдээлэх болно.
А.Галт
Sanuulga.mn