Л.Ганхүлэг: Сайжруулсан түлшинд хорт хавдар, ургийн гажиг үүсгэдэг хорт бодис агуулагддаг
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сайжруулсан түлшинд хорт хавдар, ургийн гажиг үүсгэдэг хорт бодис агуулагддаг тухай иргэн Л.Ганхүлэг ярьсан юм.
Тэрбээр "Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд үүнтэй холбоотойгоор агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчлөн шалгуурыг нь бууруулчихсан.Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглосон.Олон улсын стандартын дагуу өмнө нь үнэлдэг байсныг журмыг өөрчилснөөр эрүүл мэндэд хортой агаарын чанарын үзүүлэлтийг бууруулж, нэг ангиллыг байхгүй болгосон. Үүгээрээ сайжруулсан шахмал түлш хоргүй, үр дүнтэй гэж ард түмний тархийг угаахад ашигласан.
Олон Улсын байгууллагууд, Элчин сайдын яамд Улаанбаатарт агаарын чанарыг үнэлэхдээ Монгол Улсын албаны ёсны үзүүлэлтүүдийг авахгүйгээр өөрсдөө станц зоогоод олон улсын стандартыг хэрэглэж эхэлсэн.
Иргэд угаартаж нас барахаар албаныхан галлагаагаа буруу хийсэн гэж тайлбарлах болсон.
Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан. Энэ нас бараад байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш.
Сайжруулсан түлшний утаа хоруу чанараараа түүхий нүүрснээс 270 дахин илүү байна гэдэг судалгаа гарсан.
Манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол шахмал түлшний нөлөөгөөр Монгол Улсын иргэдийн дунд уушгины хорт хавдрын эрсдэл 10 дахин нэмэгдсэн.
Сайжруулсан түлшинд ОЦАН гэх хорт элемент агуулагддаг. Энэ нь ургийн гажиг, хорт хавдар үүсгэдэг.
Сүүлийн зургаан жилд шахмал түлшийг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрт 1 тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл 553 тэрбум төгрөгийг алдагдлыг "Тавантолгой түлш" компани үүрсэн. Энэ бол шийдэл биш.
2019 оноос хойш сайжруулсан түлшинд зарцуулсан энэ мөнгөөр 772 МВт хүчин чадалтай хоёр ДЦС барих боломжтой байсан. Иймээс ДЦС-аас барихыг эрх баригчдаас шаардах хэрэгтэй. Энэ бол шийдэл" гэсэн юм.