Буянт-Ухаагийн газрыг худалдахгүй, орон нутгийн нислэгийг шилжүүлнэ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл гарч буй.
Энэ тухай салбарын сайд тайлбар мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Буянт-Ухаа нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурийг хадгалж, холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьж ирсэн. Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.
Харин ч Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна.Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж харж байгаа.
Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа болно" гэлээ.