Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ээлжээ хүлээж байгаа “бойны малнууд” шиг байх уу!

Ээлжээ хүлээж байгаа “бойны малнууд” шиг байх уу!

Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг Монголын бүх ард түмний нүдэн дээр, нүүрэн дээр, Монголын бүх эрх чөлөөт сэтгүүлчдийн итгэл үнэмшил, зарчим, үйл хэргийн дундуур чирч гулдран хорилоо.

Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө Үндсэн хуулиар олгогдсон амин эрх чөлөө, хүн төрөлхтний явж байгаа зам. Н.Өнөрцэцэг энэ замаар явж, үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсэн, гүйцэтгэсэн.

Үүний нь төлөө бүх ард түмний нүдэн дээр, хүн төрөлхтний эсрэг гэм нүгэл үйлдсэн мэт хүчээр чирч гулдран хорьж байгаа явдал бол Монголын төр, хүчний байгууллагууд Монголын бүх иргэнд ийм зүйл тохиолдож болохыг, ингэж чадна шүү гэдгийг тод томруун үзүүлсэн явдал боллоо.

Н.Өнөрцэцэгт ёс зүйн хувьд, ажил үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг алдаа, гэм буруутай үйлдлүүд байдгийг үгүйсгэхгүй.

Гэхдээ тэр нийтийн өмчийг идэж уугаагүй, улсын хөрөнгийг тоноогүй, улсын баялгаас улс төрчид шиг 44 их наядаар завшиж шамшигдуулаагүй. Гэтэл яагаад түүнийг ингэж эрдэж бярдан хорьж, залхаан цээрлүүлнэ вэ.

Лайвчин Д. Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг мөн ингэж ялих шалихгүй хэргээр хориод, одоо тэр хүн шоронд яргалуулаад байна гээд эрхээ өмгөөлүүлэх гэж түгжигдсэн газраасаа өргөдөл бичээд байж байна.

Гэтэл, хэдэн тэрбум, их наядаар нь завшсан цагаан захтан, хэргийн эзэд эрх чөлөөтэйгөөр үл барам өөрсдийн нь эсрэг дуу хоолойгоо илэрхийлсэн “Өнөрцэцэгүүдийг” тавлан доромжилж, шүлсээ нулимж сууна.

Энэ Монголын ардчилал уу, Монголын нэрийн хуудас уу. Өнөөдөр нүүрсний хэргийн сонсгол гэгчээ бүхэл бүтэн жил улираан хийхчээ аядаж байна. Энэ хэргээр нэг л хүн шоронд сууж байгаа. Өөр хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Гэтэл өчүүхэн нэгэн сэтгүүлчийг ямар хурдтай барьж хорин, өмч хөрөнгийг нь эрээгүйгээр нийгэмд мэдээлэн, шонд өлгөж, шороонд хутгаж байгаа энэ явдал бол Монголын ардчилал устаж, хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийг булшилж байгаа жигшүүрт үйл явдал болж байна.

“Ньюс.мн” сайтад бичсэн байна. Нүүрсний хэрэгт холбогдолтой тусламж эрэхэд, урд хөршөөс тодорхой албан тушаалтнууд, тэр дундаа эрх баригчдаас нэрлэсэн бичиг сэлт ирсээн гэж бичиж. Хэрэв үнэн бол шүүх ийм тодорхой баримтыг нээхгүй, авлига, хулгайтайгаа үнэнээсээ тэмцэхгүй байж, засаглаж байгаа нэр зүүн, сэтгүүлчийг ингэж хорьж цагдаж байгаа Монголыг дэлхийд муухайгаар харуулж байна.

Энэ улсын ардчилалд, шүүхийн шударга зарчимд дэлхий ертөнц ямар дүн тавьж байгаа нь нэн тодорхой.

Н.Өнөрцэцэгийг хорьж буй явдал Монголын эрх баригчид хэнийг ч барьж хорин, шийтгэж чадах юм байна гэдгийн илэрхийлэл боллоо гэж хэлэх хүмүүс олон байна.
Н.Өнөрцэцэгийг яагаад заавал хорьж шалгах хэрэгтэй гэж, тэр өөрөө би нээлттэй шалгуулъя гээд байхад түүнийг шүүхээс хорьдог нь ямар учиртай вэ?

Энэ асуудал дээр дэлхийн хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэгч байгууллагууд ажиллаж эхлэх нь тодорхой. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, бусад хүний эрхийн чиглэлээр ажиллагч бүх байгууллага Н.Өнөрцэцэгийн асуудлаар дэлхийн байгууллагуудад ханд аа.

Яагаад гэвэл, ийм сэтгэлээр бэхжин эс нэгдвээс эрхийг баригч, төрийн хатуу тоталитар, коммунист хандлага хэнийг ч нухчин дарах нь ээ. Харин авлигачдадаа нигүүлсэлт байдлаар нь дэлхий жигшинэ. Монголын сэтгүүлчид нэгд ээ. Эрхээ хамгаал. Хэнийг чинь ч гэсэн Н.Өнөрцэцэг шиг ачих нь байна шүү. Эс бөгөөс бид Ээлжээ хүлээцгээж байгаа "бойны мал" шиг хүлцэнгүй байцгаах уу?!

Б.БАЯР

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)