Н.Өнөрцэцэгийг 461-р ангид саатуулсан тул Зариг.мн эрхлэгчээ суллуулах акц эхлүүлнэ
Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн алба хаагчид авч явж, хорих 461-р хорих ангид саатууллаа.
Түүнийг өнгөрсөн баасан гарагт шүүх хуралдаж, цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн шүүхээс найман ишигний гэх хэрэгт холбогдуулан, Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан. Гэвч өчигдөр /2023.12.04/ Сонгинохайрхан дүүргийн шүүх хуралдаж, найман ишигний гэх хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх, саатуулах шийдвэр давхардуулан гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл аж.
Энэ талаар өмгөөлөгч Т.Эрхэмбаяр нь хэвлэлийнхэнд дуулгаж, өнөөдөр цагдан хорих шийдвэртэй гомдлоо гаргана гэж мэдэгдсэн. Мөн энэ өдөр www.zarig.mn сайтын хамт олон эрхлэгчээ суллуулах акцыг эхлүүлнэ.
Харин хуулийн байгууллагаас албан мэдэгдэл мэдээндээ "Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв" гэв.
Эх сурвалж: Eguur.mn