Агаар дах утаагаар мөнгө хийгсэд- 1
Таван толгой түлш компанийн түлш түгээлтийн будлиан
“Таван толгой түлш” компанийн “тулгын гурван чулуу” гэж хэлж болмоор гурван хүн байдаг аж.
Чанар, борлуулалтын газрын дарга Ганбаатарын Ундармаа, тус газрын Бүтээгдэхүүн түгээлтийн хэсгийн дарга Шагдарсүрэнгийн Мөнхцог, Борлуулалтын хэлтсийн дарга Отгонбаярын Мишээл гэдэг гурван хүн "тулгалдаг".
“Ганц мод гал болдоггүй, Ганц хүн айл болдоггүй” гэдэг. Энэ үлгэрээр энэ гурван хүн гурвуул нэгдэж гал болж, "гал гаргадаг” байна.
“Гал гаргана” гэдэг нь мэдээж сайжруулсан түлшээ айл өрхүүдэд түгээхийг хэлж байгаа юм. Гэтэл, энэ “гал гаргах” ажил нь өөрсдийг нь “түлж” мэдэхээр нөхцөл байдал үүссэнийг, энэ нь ихээхэн даамжирсан ужиг болохыг эх сурвалжууд өгүүлж байгаа юм.
Ингэж хэлэхийн учир нь, ийм аж. Г.Ундармаа борлуулалтын асуудлыг нэг мөр төлөвлөн хариуцдаг. О.Мишээл нь нийслэл дэх сайжруулсан түлш түгээгддэг 740 гаруй цэгийг бүртгэлжүүлэх ажлыг хариуцдаг. Ш.Мөнхцог нь түгээлтийн асуудлыг төлөвлөн хариуцдаг.
Энэ гурван хүн “Таван толгой түлш” компанийн түлшийг борлуулах схем, сүлжээг бүрэн зохицуулдаг ажилтай, үүрэгтэй хүмүүс.
“Таван толгой түлш” компани, Нийслэлийн агаар орчин, бохирдолтой тэмцэх газартай хамтран тендер явуулж, нүүрс тээвэрлэлтийн компанийг шалгаруулдаг. Чухам энэ шийдвэрт Нийслэлийн агаар орчин, бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай голлох үүрэгтэй оролцдог аж.
Г.Ундармаа нарын зохион байгуулсан байж болох схем нь мөнгө ашиг сонирхлын ихээхэн будлиантай үйлдлүүдийг харагдуулж байна гэмээр.
Жишээ нь, Г. Ундармаа дарга энэ оны 09 сарын 11-нд Б.Батшагай даргад хандан, албан бичиг хүргүүлж, нүүрс түгээлтийн “Лэнгийн цагаан овоо”, “Хэнбуг трейдинг” компаниудыг хангалтгүй ажиллаж байгаа тул гэрээг даруй цуцлах тухай хүсэлт илгээсэн байдаг.
Гэтэл ердөө, хориодхон хоногийн дараа 10 сарын 5-нд мөнөөх хоёр компаниа ямар ч зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа, сайн түншүүд хэмээн Г.Ундармаа дарга Нийслэлийн агаар орчин, бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагайд хандан албан бичиг хүргүүлсэнийг бид баримтаар хүргэж байна.
Энэ ямар учиртай вэ, магадгүй үүний цаана ямар нэг ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгаа юм. Учир нь, “Таван толгой түлш”-ийн тээвэрлэлт их сонин схемтэй.
Тээвэрлэлт хийж байгаа компанийн автомашин нэг рейс буюу нэг хүргэлтээсээ 1 тонн түлш тутамд 35 мянган төгрөг авдаг аж. Ингэхдээ хол ойр эсэх нь ялгаагүй, бензин шатахуун хэр зарцуулахаас эс хамаараад энэ мөнгө олгогддог нь хачирхалтай.
Морингийн даваа дахь үйлдвэрээс мянган метрт байх түгээлтийн цэг, Хонхорт байрлах түгээлтийн цэг хоёр адилхан үнэлгээтэй ачаа хүргэлтийн үйлчилгээ авч байна.
Улсын тариф, эрүүл төлөвлөлт гэдэг зүйл энд огт байдаггүй. Төрийн хэмнэлт, ашигтай байх зарчим тухай яриа огт падлийгүй. Чухам, энэ үзүүрээс л мөнөөх “гал гаргасан” гурван хүний эрх ашиг нэгддэг.
Г.Ундармаагийн төлөвлөсөн түлшний хэмжээний дүн цаасан дээр компаниудынхтай адил жигд байх ч, рейсийн үнийн төлөлт дээр “эрх ашиг” нь хангагдсан хамтрагчдынх илэрхий өндөр дүнтэйгээр мэдээлэгддэг, илэрдэг гэх.
Ингэхээр түлш түгээхдээ “өөрийн талын, эрх ашиг нэгтэй байж мэдэх” компаниуддаа “даац” хэтрүүлэн ачуулдаг, богино рейсээр “явуулдаг” жишиг тогтсоныг эх сурвалж өгүүлж байгаа аж.
Тэдний эрх ашиг, сонирхлыг “хадгалсан” компаниуд тендерт орж, ялалт байгуулан 1 тн сайжруулсан түлшийг 35 мянган төгрөгөөр тооцон хөлсөө авч, дарга нартаа түгээх “дамжлага” бүрдүүлсэн гэмээр схем тогтсон бололтой байна.
Нийслэлийн агаар орчин, бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай, түүнтэй хамт тендерийн хороонд хамтардаг Г.Гончигдорж, Э.Батцэцэг нарын мөн эрх ашиг оролцоотойгоор ойлгогдох аж.
Тийм учраас л “Лэнгийн цагаан овоо”, “Хэнбуг трейдинг” компаниудыг шахах бодлогыг Г.Ундармаа, О.Мишээл, Ш.Мөнхцог нар үзүүлж байгаа бөгөөд, энэ компаниудын оронд орох “Мэжик тайм” компани нэгэнт уяан дээрээ “үүрсэж” байгааг эх сурвалжууд хэлж байна.
Сонирхолтой нь, энэ компанийн захирал М.Энхбаяр нь Б.Батшагайн даргаар нь ажиллаж буй Нийслэлийн агаар орчин, бохирдолтой тэмцэх газарт ажиллаж байсан аж.
Ийм авлигын, эрх ашгийн асар том сүлжээ, дагуултай үйл ажиллагаа “Таван толгой түлш”-д бугласан байж болзошгүй ажээ.
Цаашлаад Таван толгой түлш компанийн санхүү, түгээлт, борлуулалтын бүхий л үйл ажиллагаанд ахан дүүс, аамраг садны холбоо харилцааг, сүлжээ бүрэн нүүрлэчихсэн, тендер худалдан авалт, түгээлтийн компани шалгаруулах бүх үйл явц хэдхэн хүний заавраар хийгддэг, тэд энэ бүх үйл ажиллагаанаас хувь ашиг хүртдэг ч гэх зэрэг мэдээллүүдийг бид дараагийн нийтлэлээрээ баримтжуулж, илүү тодорхой өгүүлэх болно.
Нийслэлийн утаа арилдаггүй, арилгах ч сонирхолгүйн учир энэ мэтээр илэрч байна. Агаарын бохирдол арилдаггүй, түүнд нийлүүлж байгаа бүх үйл явц авлига өглөгийн сүлжээнд орсон, адаг сүүлд нь утаагаар мөнгө хийгсэд ингэж туйлж байгааг бид шат дараатайгаар мэдээлэх болно.
Манай редакци нэг бүрчлэн нэхэн сурвалжилж уншигчдад хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Т.ГАРЬД
Sanuulga.mn