“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан борлуулаад байна.
Монголын Хөрөнгийн Биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрсийг арилжаалсан бөгөөд үүнээс 8 сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар арилжсан байна.