АН-ын бүлэг: Авлигын хэргийн шүүх байгуулахыг дэмжихгүй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Нэгд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хоёрт, АН-аас ковидын үеийн төсвийн зарцуулалтын сонсгол, "Ногоон автобус"-ны худалдан авалтын талаар түр хороо байгуулж, сонсгол явуулах тухай асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ. Хэлэлцсэн асуудлыг талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын гишүүн Х.Тэмүүжин болон бусад гишүүд мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг АН-ын гишүүд эсэргүүцэж байна гэсэн мэдээлэл гарсан. АН-ын гишүүд болон бүлэг Шүүх байгуулах тухай хуулийн төслийг зарчимгүй, 1937 оны явдлыг давтах эрсдэлтэй гэж үзсэн. Авлигатай тэмцэх нэрийн дор шударга ёсны зарчим, Үндсэн хууль зэрэг олон зүйлийг зөрчиж болно гэсэн зүйл заалт орж ирж байгаа учраас эсэргүүцэж байгаа.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралд АН-ын бүлгээс гурван гишүүн л байдаг. Олонх нь МАН-ын бүлгийн гишүүд байдгийг хэлэх нь зүйтэй. Ирц хүрээгүйд АН буруугүй.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин: Авлигын хэргийн шүүх байгуулахыг АН эсэргүүцэж байгаа. Нэгд, иргэн бүр шударгаар шүүлгэх эрхийг зөрчиж байна. Авлигын хэргийг анхан шатны шүүх дээр хэлэлцэхгүйгээр шууд Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар шийдэх байдлаар оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Хоёрт, Авлигын хэргийг Улсын Дээд шүүх давж заалдах шатны журмаар шийднэ гэдэг нь өөрөө Ерөнхийлөгчид эрх мэдлийг төвлөрүүлэх зам руу явна. Ерөнхийлөгчид супер хонгил үүсгэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Авлигатай тэмцэх нэрээр эрх баригчид дургүй хүргэсэн өрсөлдөгчөө намнах, хэн нэгнийг өөрсдийнхөө үзэмжээр шийдэх, яллах байдал руу явна. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байх ардчилал, Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна.
Авлигын хэргүүд шүүх дээр очоод гацдаг гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаан дээр гардаг алдаагаа шүүх рүү чихэж байгаа нь учир дутагдалтай байна. Мөрдөн шалгах ажиллагаан дээр гаргадаг алдаагаа засах байтал шүүх тогтолцоо руу халдаж болохгүй гэлээ.
Хоёр дахь асуудал болох Ковидын үеийн төсвөөр нээлттэй сонсгол явуулах АН-ын бүлгийн мэдээлэлд УИХ-аас нэг сонсгол явуулсан сэдвээр нэг жилийн хугацаанд дахин сонсгол явуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг АН-ын бүлэг хүргүүлсэн байна. Өнөөгийн эрх баригчид өөрчлөгдөхөөс нааш Монголын ард түмэн ковидын үеийн20 их наяд төгрөгийн задаргааны талаар мэдээлэл авах боломжгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна гэж АН мэдэгдлээ.
Харин “Ногоон автобус”-ны хэргээр хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг дэмжин 25 гишүүн гарын үсэг зурсан байна. Үүний 12 нь МАН-ын бүлгийн гишүүн байгаа аж. Хянан шалгах түр хороог 19 гишүүн дэмжсэнээр байгуулах эрх зүйн боломж үүсдэг. Иймд ногоон автобусны хэргээр хянан шалгах түр хороо байгуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ гэж АН-ын бүлгээс мэдээллээ.
Эх сурвалж: IToim.mn