Прокурор, шүүхийнхний мөнийг одоо л жинхэнэ үзье
Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийж, нүүрсний хэрэг болоод албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж буй хэргүүдийнхээ үйл явцыг танилцуулав. Овоо дориун мэдээлэл өгөв. Дориун ажилласны шинж ч бага зэрэг харагдав гэж олон хэлэлцэж байна, сайшаалтай.
АТГ-аас 2023 оны эхний хагаст нийт шалгасан хэргийн 270 буюу 15 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоо 102 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа гэх.
Нэн ялангуяа “алдарт” нүүрсний болоод ногоон автобусны хэргийг идэвхийлэн шалгаж, ногоон автобусны хэрэгт холбогдуулан 26 хүнийг яллагдагчаар татсан байна.
Харин нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарыг шалгаж дууссан, хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байгаа гэнэ.
Ийнхүү эл мэдээллээс харахад АТГ үүргээ чамгүй сайн биелүүлсэн дүгнэгдэх. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим “авлигачдын” арьсыг хуулах урьдач нөхцөл бүрджээ. Одоо бүх зүйл прокурор, шүүхийнхнээс шалтгаална. Тийн шатанд очоод л аливаа хэрэг замхардаг, “утаардаг” байдал сүүлийн үед ноёлоод буй. Тэр үзэгдэл давтагдах вий л гэж олон нийт эмээж байна. Мөн түүн сацуу прокурор шүүхийнхнийг харж, хатуу хяналт тавьж байна. Шударга шүүхийн мөнийг одоо л үзье. Шударга ёсны цэнийг хамтдаа мэдэрье. Томоохон гэх хэргүүдийн учиг, зангилаа утгаараа тайлагдах цаг нь айсуй биз ээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn