Бизнес эрхлэгч залуус өөрөөр сэтгэж, өөрчлөлтийг хүсэж байна
“Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс “Худалдаачин үндэстэн” форумыг зохион байгуулав. Хөрөнгө оруулалтын шинжилгээ, хөршөө судлах ухаанд нэвтэрсэн авьяаслаг залуус зохион байгуулсан энэ форум нэн ач чухал ач холбогдолтой болсон. Хөршөө судлах, бизнесийн орчны нь судасны цохилгоог тэмтэрсэн иймэрхүү арга хэмжээг уг нь яг хийж байх ёстой газар нь Эдийн засгийн хөгжлийн яам.
Манай Чимэдийн Хүрэлбаатар сайдын эзлэн суусан салбар. Олон жил болж байгаа л даа, энэ хүн энэ салбарыг ахлан яваад. Сурвалжилсан эв дүй нь бүдүүлэг байсан ч, манай Хүрлээ сайд нэгэнтээ гүн үдшээр уушийн газар хөрөнгө оруулалт ярьж байна гээд сууж байсанаас хамаагүй өндөр соёл, тогтсон жишгийг “Дорнын түншлэл”-ийн залуус үзүүлж байна.
Төдийлөн нийгэмд танигдаагүй ч, хөрөнгө оруулалтын ач холбогдол, бизнесийн орчин цагийн “хэл”-ийг гүн доторлосон залуус сая саяар нь таксаа төлөөд, зуу зуугаараа сууж байгааг харахад бахархалтай. МАН-ын хэвлэл мэдээллийн бодлоготон Г.Баярхүү, Ардчилсан намын З.Нарантуяа, Ч.Өнөрбаяр нар сууж харагдана билээ. Овоо л доо гэмээр.
Намууд чухамдаа өмнөд хөршөө ултай харж, худалдаа хийхүйн загварчлалыг дэмжсэн бодит бодлогыг мөрийн хөтөлбөртөө амьтай суулган, биежүүлж байх нь нэн чухал л даа. “Дорнын түншлэл”-ийн Б. Дашравдан тэргүүтэй залуус “Худалдаачин үндэстэн”-дээ БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли, Монгол Улсын БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, био анагаах ухааны төвийн захирал Жоу Жун нарыг урьж илтгэл тавиулсан нь “чих онгойлгох” үгсийг хэлэв.
Худалдааг яаж хэрхэн хийхэв, ямар ямар боломжууд байна, ямар ямар жишгүүд байна, Хятадын эдийн засаг, бизнесийг хэрхэн ойлгохыг бүгдийг хэлж өгөв. Жишээлэхэд, Чита, Хайлаар, Чойбалсан гэхэд эдийн засгийн үнэнхүү чухал алтан гурвалжин болохыг Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли нэн тодорхой хэлж байна.
Зүүн хойт Ази гээд манай Баабар тэргүүтэй дэвшилтэт сэхээтнүүд уг нь их ярьдаг сан. Нам жим л байх болж. “Дорнын түншлэл”-ийнхэн ирэх гуравдугаар сард Улаанбаатар хот, БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хотод нэгэн зэрэг Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтыг зохион байгуулах юм байна.
Энэ уулзалтаар дотоод, гадаадын бизнесийн байгууллагуудтай танилцах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж, гэрээ байгуулах бололцоог олгох ажээ. Хөрөнгө оруулалт бол манай улсын хувьд ус агаар мэт хэрэгтэй зүйл. Залуус сэтгэж, чөлөөтэй ажиллаж байна. Засаг төр сайн дэмжих хэрэгтэй юм. Нэн ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам.
Б.ДОРНО