Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.23

Я.Содбаатар: "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

Я.Содбаатар: "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

Чингис хааны мэндэлсэн ой буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одон хүртээдэг билээ.

Энэ жил Морин хуур чуулгад "Чингис хаан" одон хүртээхээр болжээ. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар болон Соёлын сайд Ч.Номин нар мэдээлэл хийлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж үздэг. 2012 оноос хойш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. 2005 оноос “Чингис хаан” одонг олгож байгаа юм.

Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүхт уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлдсэнд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэсний өмнө онцгой гавъяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд олгодог билээ.

Энэ жил “Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээх болсон. Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан, 31 жилийн түүхтэй хамтлаг юм. Монголчуудын өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчилан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтлаг. Одоогийн байдлаар нийт 36 орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд аваачих ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд морин хуур чуулгатай холбоотой шийдвэр гаргана" гэлээ.

Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгад олгох болсонд гүн талархал илэрхийлье. Морин хуурын чуулга 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Монголын сонгодог, язгуур урлаг, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж явж байна. Морин хуур монголчуудын оюун санааны илэрхийлэл, түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, авч явах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. 2003 онд ЮНЕСКО-д бүртгэж авсан. Морин хуур чуулга Монгол Улсын соёлын элч" гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)