Жилд 500 мянган ширхэг нутагшсан сортын суулгац үйлдвэрлэнэ
Нийслэлд хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд 232.8 тэрбум төгрөг байх бөгөөд улсын төсвөөс 155.5 тэрбум, нийслэлээс 57 тэрбум, орон нутгаас 578 сая төгрөг, төсөл хөтөлбөр, зээл тусламжаар 20.1 сая төгрөгийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулав.
Тэрбээр "Нийслэлд хэрэгжих төсөл нь салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, зохион байгуулалт, газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл гэсэн таван чиглэлээр хэрэгжих юм. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гарах үр дүнг танилцуулъя.
Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг сайжруулснаар нийслэлийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр иргэн, ААН-д зохистой дадал нэвтрүүлнэ.
Гуравдугаарт, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хүлэмж, төмс, хүнсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх техник технологийн шинэчлэл хийх замаар төмс, хүнсний ногооны механикжуулалтыг 80-90 хувьд хүргэнэ.
Мөн өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг тус бүр 20 га, жимс, жимсгэнийн талбайг 100 га-аар нэмэгдүүлнэ.
Суулгац үржүүлгийн төвийг шинээр байгуулж, жилд 500 мянган ширхэг нутагшсан сортын суулгац үйлдвэрлэнэ.
Дөрөвдүгээрт, мал аж ахуйн чиглэлээр эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын болон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ. Ийнхүү сүүний хангамжийг 30 хувь, өндөгний хангамжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
Тавдугаарт, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдийн хоол хүнсний талаарх боловсролыг дээшлүүлнэ. Мөн бүх төрлийн хүнс бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын шаардлага хангасан төвлөрсөн агуулах зооринд хадгалах, тээвэрлэх, хүнсний дэлгүүр, захуудад түгээлт, татан авалт хийх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ" гэв.