Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Хүүхдийн тэтгэмжээ хугацаанд нь төлөхгүй бол хоног тутамд   үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алдангийн хамт төлнө

Хүүхдийн тэтгэмжээ хугацаанд нь төлөхгүй бол хоног тутамд   үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алдангийн хамт төлнө

 

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсоор өдгөө шинэчлэн батлахаар хуулийн төслийг нь УИХ-ын чуулганд оруулж өчигдөр /2023.11.09/  анхны хэлэлцүүлэг болов.

Тус хуулийн төслийн агуулгыг харахад анх удаа гэр бүлийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг оруулсан, хамтран амьдрагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан хүүхдийн эрх ашгийг нэлээд сайн хамгаалсан, гэр бүл салсан тохиолдолд  заавал хүүхдийн   тэтгэмж төлдөг болох, тэтгэмжийг тэтгэмж төлөгчийн орлогод нийцүүлэн шүүхээр тогтоох гэж зэрэг олон шинэ заалтууд  тусгагджээ. Хуулийн төслийн агуулгын заримаас хүргэе.

Тухайлбал, тус хуулийн төслийн: 

5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдаж болно” – хэмээн заажээ. Энэ нь  ураг удмын холбоотой байж болзошгүй үед өөрсдөө олон аав ээж, ураг садны хүсэлтээр ДНХ шинжилгээнд хамрагдаж ураг садны холбоотой эсэхээ нягталсны дараа гэрлэх эсэхээ шийдвэрлэхийг заажээ. Гэрлэгсдийн өөр хооронд ураг удмын цус ойртолт үүсэхээс сэргийлсэн чухал заалтыг хуульийн төсөлд ингэж оруулжээ.

9.4.Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй – хэмээн заажээ. Эндээс харахад анх удаа гэр бүлийн салалтаас болж хохирсон тал нөгөө талаасаа /эхнэр нөхөрөөсөө/ гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр Иргэний шүүхэд хандан гаргуулж болох нөхцөл үүсэж байгаа юм. Олон жилийн турш эхнэр /нөхрөө/ дарамталсан, эрхэнд нь халдсан бол гэр бүл цуцлахтай холбоотойгоор хохирлоо нөхөн төлүүлэх боломж үүсэж байгаа аж.

Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран ЗАЙЛШГҮЙ тусдаа амьдрах эцэг, эхийн хүүхэдтэй уулзах эрх, үүрэг, шаардлагатай гэж үзвэл уулзах хугацаа, байршил, нөхцөлийг тогтоож, тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг хариуцах асуудлыг тусгаж өгөхөөр болжээ.

Гэр бүлийн тухай хуульд анх удаа хамтран амьдагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож хуульчилж өгчээ. Өмнө нь хамтран амьдарсан хосуудын хувьд дундаасаа төрүүлсэн хүүхэд болон эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд хүндрэл учирдаг байсан бол эл харилцааг хуульчилахаар төсөлд тусгажээ.

21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:

21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй эсэх;

21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан эсэх;

21.1.3.эд хөрөнгө дундаа өмчилж байгаа эсэх, дундын эд хөрөнгө бий болсон эсэх;

21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй эсэх;

21.1.5.хамтран амьдрагчид дундаасаа хүүхэдтэй эсэх.

21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй.

21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.

Хамтран амьдагчид 5 –аас дээш жил хамт амьдарсан бол, дундаас нь хүүхэд төрсөн бол гэрлэсэн хосууд /эхнэр, нөхөр/-ын нэг адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр болжээ.

Гэрлэгсэд “гэрлэлтийн гэрээг байгуулж” болохыг хуулийн төсөлд тусгажээ. Тус гэрээгээр гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох, өмч хөрөнгийн хувиарлалт, гэрлэлт дууссаны дараа үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх эрх, гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах зэрэг асуудлыг тусгасан байна.

46.4.Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй – гэжээ. Өмнө нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжилдээ /эхнэр, нөхөрийн аль нэг нь/ хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж хүсэлт гаргаж болдог байсан бол энэ удаад ийм хүсэлтийг гэрлэгсдийг аль  нь ч шүүхэд гаргах эрхгүй болж байгаа бөгөөд шүүхээс заавал тэтгэмж тогтоохоор болж байгаа аж.   

47.1.Шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан талуудын амьдралын чанарыг дордуулахгүйгээр тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу тогтооно – Энэ нь хүүхдийн тэтгэлэгийг тогтсон байдлаар биш тэтгэлэг төлөгчийн /эхнэр нөхрийн/ болон хүүхдийн сурах орчин нөхцөл зэрэгтэй уялдлуулан тодорхой аргачлалын дагуу шүүх тогтоохоор болж байгаа бөгөөд мөн хуулийн 48.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлөхөөр болж байгаа юм.

Гэр бүлийн хуулийн төсөлд гэхмэтийн харилцааг шинэчлэн тогтоохоор тусгасан байна. Энэ хууль батлагдсан тохиолдолд гэр бүлийн  харилцаанаас зугтаж, эцэг эх байх үүргээ умартсан хүмүүс, хамтран амьдагч нэрээр бусдыг хохироогсод, хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй эцэг /эх/-д  хууль нэлээд хатуу үйлчилж эхлэх юм.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)