"Иргэдийн гомдлын дагуу гантиган замын налуу хэсгийг тоосгоор сольж байна"
Халтиргаа гулгаатай холбоотой иргэдийн санал гомдлын дагуу хотын төв орчим дахь явган хүний гантиг чулуун замын налуу хэсгийг чулуун тоосго болгон засаж байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Иргэдээс ирж буй гомдол саналын дагуу 2020 оноос хойш явган хүний гантиган замын халтиргаа гулгааг багасгах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ жилийн есдүгээр сараас эхлэн хотын төвийн 20 орчим байршилд явган хүний гантиган замын налуу хэсгийг чулуун тоосгоор сольж эхэлсэн. Төрийн ордон, Цэцэг төв, арслантай гүүр гэх мэт иргэдийн их алхдаг хэсгүүдийн 700 метр замыг энэ амралтын өдрүүдэд засаад дуусч байна.
Цаашид өнгөлгөөтэй чулууг галаар халааж барзайлгадаг шинэ технологи нэвтрүүлэхээр залуучууд ажиллаж байгаа. Тэдний туршилт дуусаад хэрэгжүүлж болохоор болбол халтиргаа гулгаатай гантиган замыг засч эхэлнэ” гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn