Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Хяналтын “байгууллагагүй” Монгол улс

Хяналтын “байгууллагагүй” Монгол улс

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар гэж  бүх төрлийн, бүх  шатны байгууллагад  хяналт тавьдаг, байгаль орчин, иргэдэд учрах эрсдэлээс урьдчилсан сэргийлэн ажилладаг  институци байсныг  төр засгаас татан буулгаад, түүний үүргийг харьяа яамд хийхээр журамласан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Хяналтын Ерөнхий газрыг байгуулсан. Гэхдээ энэ нь иргэд, байгууллага, хамааралтай аж ахуйн нэгжүүдийг биш албан тушаалтнуудад хяналт тавьдаг, тэднийг “айлгадаг” институци. Гэвч иргэд энэ байгууллагыг хуучнаар МХЕГ-ын үүргийг гүйцэтгэдэг гэх “ойлгоод” тийшээ хэдэн зуун өргөдөл өгдөг аж.

Байгаль орчин сүйтгэсэн компани, муудсан хоол өгсөн ресторан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг борлуулсан дэлгүүр, хуурамч  эм зарсан аптек, чанаргүй ажил хийсэн байгууллагыг тухайн салбарын яамдын дэргэд очсон хяналтын хэлтэс хариуцах ёстой ч яамдын байцаагч нар иргэд, аж ахуйн нэгжүүд рүү хүрч очиж ажиллах боломжгүй гэдэг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой болжээ. Мөн нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар хяналт тавих ёстой одоо болтол байцаагчийн эрхээ аваагүй байгаа гэх.   

Өмнө нь МХЕГ татан буугдаагүй байхдаа улсын байцаагч нар нь газар дээр нь очиж ажиллаж, асуудлыг шуурхай шийддэг байсан аж.

Ийм нөхцөл байдал дор улсын хэмжээнд хяналтын систем бүрэн алдагдлаа гэж хэлж болох.  Ганцхан жишээ хэлэхэд уул уурхайн компаниуд үгээ хэлж байгаа гэнэ. Учир нь “Ховор хүмүүс” кинон дээр гардаг “төлөөлөгч ирлээ” гэдэг шиг Байгаль орчны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Уул уурхайн яам, Экологийн цагдаагийн газар, Татварын газар  маш олон байгууллагаас ээлж дараалан шалгалтууд очиж, байнгын дарамтанд байлгадаг болжээ.

Өмнө нь ганц МХЕГ-ын байцаагчид очиж бүх зүйлийг нь нягталж шалгаад үүрэг чиглэл өгдөг байсан бол эдүгээ ийм олон байгууллагууд ээлж дараалан очиж “дарамталдаг” нөхцөл байдлыг үүсгээд байгаа гэнэ.

Бас нэг жишээг дурьдахад “муудсан хоолны тухай” гомдлыг өмнө нь МХЕГ руу өгч шалгуулж шийдвэрлүүлдэг байсан бол одоо ХХААХҮЯ руу хэлдэг ч тэндээс нийслэл рүү хэл гэдэг, нийслэл нь очиж шалгаж хянадаггүй, товчхондоо ямар ч шийдэл үгүй, дээш мэдээлэх төдийгөөр асуудлыг орхигдуулдаг нөхцөл байдал үүссэн байна.   

Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль дээр үүссэн, сурагч хүүхдүүд “хордсон” гэх мэдээлэл ч үүнтэй холбоотой бөгөөд одоо болтол эцэслэн шийдэж чадаагүй, төрийн байгууллагууд бие бие рүүгээ “шидсээр”, ямар учир шалтгаантайг нь тогтоож чадаагүй аж.

Ийм нөхцөл байдал үүссэн атал төр засаг одоо болтол таг чимээгүй байсаар. Энэ мэт хяналтын байгууллагагүй шахуу болчихсон цаг үед хоол хүнс, хорт утаанд хэдэн хүн хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирсон хойно асуудлын шийдлийг гаргах ёстой юм бол доо.  

А.Тамир

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)