Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Н.Учрал: Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор "Google Family Link" монгол хэл дээр манай улсад нутагшина

Н.Учрал: Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор "Google Family Link" монгол хэл дээр манай улсад нутагшина

Хүүхдийг цахим орчинд хамгаалах нь нэн тулгамдсан асуудал болоод буй.

Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зохисгүй агуулгаас хамгаалах зориулалт бүхий аппликэйшн, үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдэв.

Түүний Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форумыг нээж хэлсэн үгнээс онцолбол "Зөвхөн хууль эсвэл зөвхөн техник технологиор асуудлыг шийдэж чадахгүй. Тал бүрийн оролцоо нэмэгдсэнээр цахим орчинд хүний эрх бүрэн хамгаалагдана. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ) ДАН системийг хариуцаж байгаагийн хувьд анх удаа хүүхдийг таних нөхцөлийг бүрдүүлж, e-Mongolia.mn аппликэйшнд e-Kids-ийг нэвтрүүлсэн.

Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд "Google"-тэй хамтын ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулж, "Google Family Link" зэрэг цахим орчинд контент хязгаарладаг аппликэйшнүүдийг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор "Google Family Link" албан ёсоор монгол хэл дээр манай эх оронд нутагшина.

Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээг хянах боломж бүрдэнэ. Цаашид иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллах нь чухал байна" хэмээв. 

"Google Family Link" ашигласнаар хүүхдийнхээ утас үзэх цаг, аппликэйшн татах зэргийг хянах, хүүхэд нууц үгээ мартсан тохиолдолд эцэг, эх нь солих, хувийн мэдээллийг нь засварлах, шаардлагатай бол устгах, байршлыг нь харах зэрэг боломжтой болдог.

Түүнчлэн ЦХХХЯ болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ), Азийн Хөгжлийн Банк(АХБ) хамтран иргэдийн Тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)