Урт цагаанд ажилладаг 21 иргэнээс химийн бодис, хотон шувууны хошуу илэрчээ
Экологийн цагдаагийн албанаас химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хүрээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Бодис-Хяналт-Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.
Дээрх хяналт, шалгалтыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн хүрээнд зохион байгууллаа.
Тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаад улсын 21 иргэдээс химийн хорт, аюултай бодис болох давсны хүчил, хүхрийн хүчил, тунсаа гэх нэршилтэй химийн бодис, нэршил тодорхойгүй зарим химийн бодис, бензин болон нэн ховор амьтны жагсаалтад багтсан хотон шувууны хошуу зэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд химийн хорт болон аюултай бодисоос үүсэлтэй болзошгүй эрсдэллээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ