Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Хуучин ангижавууд чинь “азаргалахыг” чинь зөвшөөрөхгүй янзтайдаг шүү, Х.Нямбаатар захирагч аа!

Хуучин ангижавууд чинь “азаргалахыг” чинь зөвшөөрөхгүй янзтайдаг шүү, Х.Нямбаатар захирагч аа!

Болдын Дэмбэрэл, Мөнхөөгийн Оюунчимэг тэргүүтэн нинжин сэтгэлтэй хүмүүс Х.Нямбаатар хотын даргынхаа эрүүл мэндэд санаа зовж, ажлын их гарааг нь үнэлж байгаа зэргийг өөлж бас болохгүй нь шиг байна.

Монголын хэвлэл мэдээллээр шинэ хотын дарга Х.Нямбаатар гэдэг хүн л сурталчилагдаж байна. Ерөөс энэ хүн загнах ааштай байна. Их хурал дээр босоо Ганбааг загнаж харагдсан, О.Цогтгэрэлийг мөн байранд нь тавьж байна. Тэгснээ, “ХҮН”-ий Тогмидын Доржхандыг мөн л бааллаа.

Таны дотно анд ЗХГЭГ-ын дарга /Д.Амарбаясгалан/-ын танилцуулсанаар гэж ирээд л, Т.Доржхандыг дооздож, өөрөөр чинь чиглүүлүүлэх, алтан гадас заалгахдаа тулаагүй гэх мэтээр авирлалаа. Х.Нямбаатарын ийн хэлсэнээр бол ХҮН-ий дарга МАН-ы генсектэй нэн ойр бололтой.

Залгуулаад цас их орсоноос гудамжинд гарлаа, Х.Нямбаатар. Цас цэвэрлэж явсан машины өмнө “тээглэсэн” тэргийг очиж зандран явуулж, хүүхдүүд томоогүйтэн машин бариад яваад байх шиг байна хэмээн хуулийнхаа чиглэлийн шиншлэлээр нийгэмд мэдээлэл түгээв.

Хотын шинэ дарга Х.Нямбаатар “амрах завгүй ажиллав” гээд өнөөдөр мэдээнүүд гарч. Үнэндээ амраагүй ажиллаж байгааг олон нийт харж байна.

Хотын зүүн баруунгүй гарч цасны цэвэрлэгээг хянаж, өөрөө машинаа унан, жолооны хүрдээ эргүүлэн явна билээ, Хишгээгийн Нямбаатар шиг ажиллаж байгаа  албан тушаалтан алга нь үнэн.

Ойрын хэд хоногт л ингэчихэв үү дээ гэмээр, духны атираа нь нэмэгдэж, нүдний нь зовхи унжингуй болоод үнэхээр Х.Нямбаатар дарга маань тун ачаалалтай байгаа харагдаж байна гэж Болдын Дэмбэрэл гээд Баянзүрх чигийн нэг намчин нөхрийн хэлээд байгаатай дүйж байх шиг ээ.

Мөнхөөгийн Оюунчимэгийн хэлсэн шиг ажлаа авсан дороо эрчтэй байна гэдгийг БНХАУ-аас Монголд шинээр томилогдон ирсэн эмэгтэй Элчин сайд ч тодотгон хэлсэн байна билээ.

Ингээд харахаар Х.Нямбаатар аргагүй ажиллаж байх шиг байна. Автобусны шууд худалдааг анхнаасаа л лоосуутай тухайг 2009 оныхоос эхлээд ярьсан. Залгуулаад л М.Энхболдоос мэдүүлэг авч, тэр шөнөдөө Ц.Батбаярыг баривчилна билээ. С.Баярцогтыг баалсан, өнөөх нь намайг сугалж ярьж байна гээд гомдоллох маягийн, мөн баримт сөргүүлэн мэтгэж байгаа харагдсан. Энэ эрчээрээ Х.Нямбаатар дарга ажиллаад, улаан, ногоон автобусыг “будлиулсан” журмын нөхөдөө бас шалгуулж, хариуцлага оногдуулна бизээ.

Н.Учрал сайд Х.Нямбаатарын  гэрхороололыг орон сууцжуулах шинэ төсөл төлөвлөгөөнүүдийг сайшаан, үүнийг хийж чадвал түүнд зориулж хөшөө барьсан ч яахав гэнэ билээ.

Х.Нямбаатар дарга нийслэлд орсон эхний цасыг гайгүй шиг давж байх шиг байна. Ирэх ирэх цасуудыг яаж давдаг юм бол. Нэн ялангуяа, улс төрийн цас бол хэцүү дээ. УИХ дээр хэлэлцүүлж буй хуулиудынхаа талаар Х.Нямбаатар жаахан эелдэг байхгүй бол өөрөө одоо тэр танхимаасаа нэгэнт азнасан тул, хуучин ангижавууд чинь “азаргалахыг” чинь зөвшөөрөхгүй янзтайдаг шүү, Х.Нямбаатар захирагчаа!

Т.Доржхандаас эхлээд таалагдахгүй байна шүү гээд л байна лээ дэг. УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Хотын дарга болдог над шиг “тэнэг” хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу гэж , хорин оны намар Д.Сумъяабазарын хэлсэн үг Х.Нямбаатарын эдүгээг харахаар санагдаад байх л юм.

Т.ГАРЬД

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)