Үнэхээр Чойжоо дэмжих нь үү, өөр бодолтой байх нь уу, эхнээс нь яриад явчихаарай, “МАКС”-ын Ганбаа...!
“Макс”ын Д.Ганбаатар хэлжээ. Баруун бүсэд 100 мегаваттын эрчим хүчний станц барьж жишиг үлгэр үзүүлье гэж Засгийн газрынханыг хувийн хэвшлийнхэнтэй уулзах үеэр ингэж догирхож.
Догирхох ч юу байхав дээ, эх оронч үг хэлсэн байна. Зөв. Сайн байна л гэх хэрэгтэй юм даа. Гэтэл Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Ч.Чойжилсүрэн, экс сайд, эдүгээ Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нарын үг бол үүний эсрэг, маш урвалган, доожоогүй “юм” байдаг.
Өвөл болохоор хүйтэн болдог гэж Магваны Билэгт гуайн алдарт афоризм байдаг. Түүн лүгээ нэгэн адил Чойжоо бол салхи хэрэгтэй, утааг хөөдөг, гэхдээ хүйтэн хэрэггүй, хүйтэн болохоор эрчим хүч доголдоно гэдэг алдарт үгээ хэлсэн. Н.Тавинбэх нь болохоор энэ өвөл яг л өмнөх жилийнхээ горим түвшинд ажиллана. Эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай байгаа. Ер нь бол амаргүй, хүнд шүү, гал алдаж мэднэ гэдэг л үг хэлдэг. Улсын эрчим хүчийг удирддаг улсууд ийм урамгүй үг хэлдэг.
Эдний хэлж байгаа үгний дэргэд “Макс”-ын Ганбаагийн үг бол хүчтэй, тэмүүлэлтэй, эх оронч үг юм. Яг энэ л үгнүүдийн нь ялгаа, тэмүүллийн эрмэлзлээр түвшинчилж үзбэл, шилбэл Дагвадоржийн Ганбаатарыг Эрчим хүчний сайд болгочихмоор байна.
Улсаасаа баян шахуу, Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгосон Чойжоо сайдын дүү Б.Балдорж нь Дорноговийн сумуудаар дүүрэн “Айл баян” тэргүүт нүүрсний уурхай эрхлэн, урагш зөөх атал эднээс “Макс” Ганбаагийнх шиг эрмэлзэл төгс, бүтээн байгуулагч үг үнэндээ дуулддаггүй. Өөрсдийгөө л болгосон, нэг л их баян тарган улс л яваад байхаас өөр илэрхийлэл үзэгддэггүй.
Чойжоо одоо Дархан, Багануур, Хан-Уулынханыг сайжруулсан шинэ түлшээр туршилтад оруулна гэдэг ойгүй “ухаант” үгээ хэлчихээд ард түмнээс асар их бангатай байна. Дүлий юм шиг л , сонсоогүй юм шиг л шүүмжилсээр атал “туршина даа” гэсэн туйлбар маягтай, муйхар “дархлаатай” мэтгэсээр. Эрчим хүч гэдэг бол энэ орны хөгжлийн тулгуур, өөдлөхүйн язгуур.
Гэтэл Н.Тавинбэх хонь олонтойгоороо, Б.Чойжилсүрэн овоолсон бетон ихтэйгээрээ улсдаа тунхаглагдан яваад байхаас эрчим хүчиндээ, язгуур эрхэлсэн төрийн ажилдаа ямар ч дэвшилгүй нурмайсаар нэгэн өвлийг угтаж байна. Энэ өвөл Чойжоо, Тавинбэх хоёр ямархуу сюрпризүүдийг Улаанбаатарчууддаа бэлэглэхийг таашгүй. Залбирах нь, эрчим хүчний доголдлоос үүдэн энэ орны иргэд цаг бусаар тэнгэрт явахгүй байхыг л бодох. Үнэндээ манай төрийнхөн хувийн хувшлийнхэнээ юм хийлгэдэггүй л дээ. Ялангуяа станц бариулдаггүй.
Нэр бүхий бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд станц барья гээд хөрөнгө оруулагчаа олоод ирэхээр, хятад шаахайн мөр тэргүүтэн попролоор үргээж орхидог улс төрчдөөр манай саарал ордон чигжээстэй байгаа. Харин ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өглөөний цай, өдрийн уулзалт гээд хувийн хэвшлийнхэнээ сонсоод байгаад тун талархууштай. Улс орныг аж ахуйн нэгж, татвар төлөгчид авч явдаг.
Одоо “Макс”-ын Ганбааг ингээд 100 мегаватт бариатахая гэхнээ ямар олон улс төрчдөд хоржоонтой, хөх инээдтэй, шүдний хавираан сонсогдуулж байгааг тааж ядах зүйлгүй. Ганбаа минь ганц сарьслуулна даа, цаадуулдаа, Авлига нэхнэ, ажлыг чинь явуулахгүй. Алхам бүрт төрөөс үүдсэн тээглээ түвэг үүснэ. Энэ бол сонгодог үнэн. Барих гэхээр чинь ямархуу тээг түвэг учрахыг өдөр бүр мэдээлээрэй. “Амлалт.мн” амлачихъя, мэдээлээд өгье, яршиг дарааг чинь хуваалцая. Хамгийн түрүүнд Чойжоо яаж “туслах” нь вэ, хэлэх юм шүү. Үнэхээр Чойжоо дэмжих нь үү, өөр бодолтой байх нь уу, эхнээс нь яриад явчихаарай, “МАКС”- аа!
Эс дэмжбэл оронд нь Эрчим хүчний сайд болмоор байна аа гээд хэлээрэй, тэглээ гээд увайгүй явдал үл болно. Энэ улсад эрчим хүч туйлын хэрэгтэй байна.
Түнжингийн Бадамжунай нэгэнтээ Эрчим сайд, дэд сайдуудад “Өсөн нэмэгдэх хэрэглээ, өсөн нэмэгдэх эдийн засаг эрчим хүчнээс хөхүүртэй. Эрчим хүчээ бэлчирлэж байж л, энэ улс хөгжинө, мэдэв үү” гээд хэлж байсаныг эрчим хүчний бизнес хөгжил тойрч яригсад их ишилцгээдэг юм билээ. Тэр морин толгой ч уг нь хэрэгтэй л толгой юм билээ л дээ.
Чойжилсүрэнг “Макс” Ганбаагаар сольчих юм бол улс орны эрчим хүчний асуудал шийдэгдээд явчих юм байна шүү Ерөнхий сайдаа...
Б.ДОРНО
Sanuulga.mn