Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг төлж барагдууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө 100 хувь барагдууллаа.
Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлүүлээд байна.
Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу нийт 720.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.
Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.
Засгийн газрын зүгээс бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10-р сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.” гэж мэдэгдлээ.
Sanuulga.mn