“Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган Хэнтий аймагт болно
Сүүлийн үед аймаг болгон л хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж байгаагийн нэгэн буухиа нь Хэнтий аймаг болж байна. Хэнтий аймгийн ЗДТГазраас "INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганы 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ.
“INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгож хөрөнгө оруулалтыг татах зорилгоор зохион байгуулах гэж байна.
Уг хөрөнгө оруулалтын чуулганаар:
- Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын боломжууд,
- Аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд,
- Барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд,
- Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжууд гэсэн 4 салбар хуралдааныг зохион байгуулж нийгэм эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.
Дашрамд дурдахад Монголын томоохон бизнес групп болох М Си Эс, Таванбогд зэрэг группууд хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж хамтран ажиллахаар гэрээ үзэглэхээр урьдчилан тохиролцоонд хүрээд байгаа аж.
Хэнтий аймгийн зүгээс хөрөнгө оруулагчид, ААНБ, бизнес эрхлэгчдэд ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ тавихаа ч мэдэгдээд байна. Мэдээж олон хөрөнгө оруулагчид, Шаркууд, бизнесийнхэн цуглах нь ойлгомжтой.
Харин хамгийн сонирхолтой нь “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганд БНХАУ-аас ӨМӨЗО-ын Хөлөн буйр, Шилийн гол, Хянган аймгуудын Засаг дарга нар, бизнес эрхлэгч, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужийн амбан захирагч, бизнес эрхлэгчид, БНСУ, Япон улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн засаг дарга, бизнес эрхлэгчид, аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид, 18 сумдын төлөөллүүд оролцож, бүс нутгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх коридор, бүсчилсэн хөгжлийн санал, шийдэл, боломжуудыг хэлэлцэнэ гэдгээрээ ихээхэн онцлогтой болох бололтой.
Эрхэм уншигч та бүхнийг “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганд оролцохыг уриалж байна.
Sanuulga.mn